Чан Тань Нам: Монгол-Вьетнамын худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт хүргэхийг зорьж байна

БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн яам (ХААХХЯ)-ны дэд сайд Чан Тань Нам тэргүүтэй Вьетнам улсын 38 компанийн 70 гаруй төлөөлөл манай улсад ирээд байна. Үүнтэй холбогдуулан Монгол-Вьетнамын бизнес форум МҮХАҮТ-ын Их танхимд өнөөдөр боллоо. Уулзалтад БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоан Хань Дам, тус улсаас хүрэлцэн ирсэн ХААХХЯ-ны ажлын хэсгийн гишүүд, Монголын талаас МҮХАҮТ-ын удирдлага, бизнесийн 200 төлөөлөл оролцлоо. Форумыг БНСВУ-ын ХААХХ-ийн дэд сайд Чан Тань Нам нээж хэлэхдээ, “Өнөөдөр Монгол Улсад Вьетнамын томоохон бизнес групп болон Монгол-Вьетнамын Засгийн газрын комиссын Вьетнамын талын даргалагч байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирээд байна. Энэ нь Монгол Улстай харилцах хамтын ажиллагаа, ялангуяа эдийн засаг, худалдааны салбарын хамтын ажиллагаа, харилцааг өргөжүүлэхэд анхаарал тавьж буйн нэг илэрхийлэл юм” гэдгийг онцолж байв. Тэрбээр, хоёр орны бизнес эрхлэгч нарт олон улсад болж өнгөрсөн болон үүсээд буй нөхцөл байдлууд шинэ боломж, сорилтыг бий болгож, хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлэхийг шаардаж байна гээд хоёр орны Засгийн газрын комиссын 2019 оны хуралдаанаас тавьсан худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт хүрэх зорилт өнөөдөр 80 сая орчим ам.доллароор хэмжигдэж байгааг тодотгов. Улмаар олон хүчин зүйлийн нөлөөгөөр хязгаарлагдаж ирсэн энэхүү үзүүлэлтийг 100 сая ам.долларт хүргэн хэрэгжүүлэхээ Вьетнамын улсын тал илэрхийлэв. Хоёр талын худалдаанд тулгарч буй хамгийн гол хүндрэлээр тэрбээр ачаа тээврийн холболтыг хэлж байлаа. Бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт БНХАУ-аар дамжин өнгөрдөг. Төмөр замд тулгуурладаг энэхүү холболт нь тээвэрлэлтийн хэмжээ хязгаалагдмал учир бизнес, худалдаа эрхлэгчдийн саналын дагуу төмөр замын тээвэрлэлтийг нэмэгдүүлж, агаарын шинэ зам нээж, худалдаа, хамтын ажиллагааны таатай нөхцөлийг бүрдүүлэх талаар холбогдох салбарын яамд, байгууллагад хандан судалж буйг тэрбээр дуулгасан юм. Ташрамд мэдээлэхэд, Монгол-Вьетнамын төмөр замын тээврийг идэвхижүүлэхэд чиглэлээр Монголын тээвэр зуучийн “Silk Way” компани Вьетнамын төмөр замын “Ратрако” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулаад байна. “Silk Way” нь БНСВ-ын Ханой, Хо Ши Мин хотоос Улаанбаатар хүртэлх төмөр замын тээврийн болон ОХУ, Европ хүртэлх “Ратрако” компанийн транзит тээврийн Монгол дахь гол түншээр ажиллах юм. Түүнээс гадна манай улсын иргэний агаарын тээврийн “Аэро Монгол” компани Улаанбаатар-Ханойн хооронд шууд нислэг үйлдэж байна. Монгол Улсаас өнгөрсөн онд Вьетнам руу хонь, ямааны мах, малын дайвар бүтээгдэхүүн зэрэг 485 мянган ам.долларын бараа, бүтээгдэхүүн экспортолсон бол БНСВУ-аас цагаан будаа, шар буурцагны тос, лаазалсан самар, хатаасан жимс, хуванцар сав баглаа боодол зэрэг 80-аад сая ам.долларын үнийн дүн бүхий бараа, бүтээгдэхүүн нийлүүлжээ. ГХЯ, БНСВ-ын ЭСЯ, МҮХАҮТ-аас зохион байгуулсан Монгол-Вьетнамын бизнес форумыг “Legend holding”, “Silk Way” компаниуд ивээн тэтгэн оролцов.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     52    0