Сингапурт сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол илэрчээ

Сингапурт сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол илэрсэн талаар тус улсын Эрүүл мэндийн яамнаас мягмар гаргийн орой мэдээлжээ. Вируст халдвар энэ онд олон улсад тархаж эхэлснээс хойш Зүүн Өмнөд Азид илэрсэн анхны тохиолдол энэ болж байна. Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, зургаадугаар сарын 20-нд шинжилгээний хариу нь эерэг гарсан өвчтөн нь Их Британийн, 42 настай иргэн бөгөөд онгоцны үйлчлэгчээр ажилладаг тэрбээр зургаадугаар сарын дундуур Сингапурт ирэх, явах нислэгээр зорчсон байна. Сингапурын Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөний биеийн байдал тогтвортой байна. Мягмар гаргийн байдлаар түүнтэй ойрын хавьтал болсон 13 хүнийг тогтоосон бөгөөд тэд бүгд 21 хоног тусгаарлагдана. Тус хот улсад хамгийн сүүлд сармагчны цэцэг өвчний тохиолдол гурван жилийн өмнө бүртгэгдэж байжээ. Өнөөдрийн байдлаар, уг вируст халдварын 2500 гаруй тохиолдол эндемик бус 35 оронд илрээд байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     36    0