70 минут санаачлагагүй барилдсан бөхийг хасна

Үндэсний бөхийн барилдааны дүрэмд өөрчлөлт оржээ. Энэ талаар өчигдөр /2022.06.20/ Монголын үндэсний бөхийн холбооноос мэдэгдэл гаргав. Тус холбооны мэдэгдэлд, “Монголын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4.5-д заасан “1-ээс 4-ийн давааны үндсэн хугацаа 15 минут, 5-аас дээших даваа 20 минут байна” гэж заасныг “1-ээс 4-ийн давааны үндсэн хугацаа 15 минут, үндсэн хугацаа дуусахад дан, давхар шуудагны барьцаас барилдуулах хугацаа 30 минут, санаачилга харах хугацаа 10 минут, нийт 55 минут байна. 5-аас дээших давааны үндсэн хугацаа 20 минут, үндсэн хугацаа дуусахад дан, давхар шуудагны барьцаас барилдуулах хугацаа 40 минут, санаачилга харах хугацаа 10 минут, нийт 70 минут байна. Барилдааны хугацааг дээрх байдлаар тогтоосноор аль ч даваанд санаачилгагүй барилдсан хоёр бөхийн барилдааны нийт хугацаа дуусахад хөлийн цэцүүд хэлэлцээд, санаачилга харах 10 минутад идэвх санаачилга, барьц барих, хорьж барих, илт хамгаалах гэх мэт хөдөлгөөний үйлдлийг харгалзан үзэж, идэвх санаачилгагүй бөхийг хасч, нөгөө бөхийг давуулах” өөрчлөлт орууллаа. Мөн цэцдийн зөвлөлийн 2022 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн хурлаар өмсгөлийн шаардлагыг дараах байдлаар баталсан. Зодогны өнгө ба дотор давхарлага хийснийг авах, Ширээсийг мяндас утсаар давхарлаж ширснийг авах, Элэг бүсний голч 1.5 см-ээс багагүй байна, Зодогны ирмэгээр утас гүйлгэж, давхарлаж оёсныг авах, Зодогны ширээс 8 см хүртэл өргөнтэй 17 хүртэл ширээстэй байна (илүүг авах), Зодогны танаасыг барьц барих мөр, суганд хийснийг авч, барьц барихгүй хэсэгт хийх, Шуудагны ширээсийн тоо таваас илүүгүй байх (илүүг авах), Шуудагны ташаанд нэмэлт ширээс хийснийг авах, Шуудагны уяаны голч 0.8 см-ээс багагүй байх, Уутан зодог эгэм рүү орохгүй зөвхөн мөрний шонтон ясыг дарсан байх зэргээр өмсгөлийн хэм хэмжээг тогтоосон. Уг шаардлагыг МҮБХ-ноос албан ёсоор томилсон өмсгөл шалгагч нар тав, зургадугаар сард зохион байгуулсан барилдаануудад тогтмол шалгаж, зөрчилтэй өмсгөлийг солиулж, засуулсан бөгөөд өмсгөл шалгагч нараас ихэнх бөхчүүдийн өмсгөлд буй барилдаанд нөлөөлөхгүй байдлыг харгалзан зарим оёдлыг өөрчлөх санал ирүүлсэн. Үүнд: Зодогны ширээс 8 см хүртэл өргөнтэй, 19 хүртэл ширээстэй байх, Шуудагны ширээс 7 см байх гэсэн хүсэлт ирснийг МҮБХ-ны тэргүүлэгчдийн зургадугаар сарын 17-ны өдрийн хурлаар хэлэлцээд, зодогны ширээсийг урьд заасан ёсоор 8 см хүртэл өргөнтэй, 17 хүртэл ширээстэй, харин шуудагны ширээсийг 5-7 байж болохоор шийдвэрлэв" гэжээ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     34    0