Оросоос Энэтхэгт нийлүүлсэн газрын тосны хэмжээ 31 дахин нэмэгджээ

Энэтхэг улс тавдугаар сарын 27-ноос зургаадугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ОХУ-аас нүүрс худалдан авах хэмжээгээ ойролцоогоор зургаа дахин, газрын тосны хэмжээгээ 31 дахин нэмэгдүүлсэн гэж “Reuters” агентлаг тус улсын Засгийн газрын нийтлээгүй тоо баримтаас эш татан мэдээлэв. Энэ мэдээллээр Энэтхэг улс дурдсан хугацаанд ОХУ-аас 331.17 сая ам.долларын нүүрс худалдан авсан бол газрын тосны худалдан авалтын хэмжээ 2.22 тэрбум ам.доллар болжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, Энэтхэгт 30 хувийн хөнгөлөлт санал болгосон байна. Оросын нийлүүлэгчид төлбөрөө Энэтхэгийн рупи, АНЭУ-ын дирхамаар хүлээж авч байгаа аж. Дээрх мэдээлэлд тайлбар өгөх “Reuters” агентлагийн хүсэлтэд Энэтхэгийн Худалдааны яам хариу өгөөгүй байна. Украины дайны улмаас Европын хэд хэдэн улс ОХУ-аас шатахуун импортлохоос татгалзсантай холбогдуулан дөрөвдүгээр сард Ази тив Оросоос газрын тос худалдан авсан хэмжээгээрээ анх удаа Европыг гүйцэж түрүүлсэн тухай “Bloomberg” агентлаг урьд нь мэдээлжээ. Тавдугаар сард энэ үзүүлэлт мөн өссөн байна. Оросын газрын тосны хамгийн том худалдан авагч нь Энэтхэг, Хятад улс юм.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     54    0