Завхан аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөв

Завхан аймгийн Завханмандал сумын төвөөс баруун зүгт 30 километрийн зайд 3.6 магнитудын хүчтэй газар хөдөллөө. ШУА-ийн одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлснээр, газар хөдлөлт Улаанбаатарын цагаар 16.50 цагт болсон байна. Манай улс төв Азийн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Өнгөрсөн зуунд 7 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөл 20 гаруй удаа болжээ. Магнитуд нь 8 хүрсэн нэн хүчтэй газар хөдлөлт манай оронд 4 удаа бүртгэгдсэн байдаг аж. Монгол орны нутаг дэвсгэрт 2021 онд 159 396 удаа газар хөдөлсөнөөс хүнд мэдрэгдэх хэмжээний буюу 3.5 түүнээс дээш хүчтэй газар хөдлөл 430, үүнээс хоёр удаа 6 магнитудын хүчтэй газар хөдөлснийг дагасан давтан чичирхийлэл болсоор байгаа. Нийслэл хот орчмын нутаг дэвсгэрт 2021 онд 1123 газар хөдөлсөн бөгөөд 3.5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөл 5 удаа бүртгэгджээ. Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, арваас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     46    0