Сум бүр соёл урлагийн салбарыг бүтээлчээр хөгжүүлнэ

Завхан:Тус аймгийн соёлын салбарын удирдах ажилтнууд зөвлөлдөж аймагтаа соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэхээр болжээ. Тодруулбал, аймгийн Засаг даргын ивээл дор соёлын салбарын 50 гаруй удирдах ажилтнууд зөвлөлдсөн байна. Энэ үеэр соёл урлагийн салбарын удирдах ажилтнуудыг чадавхжуулж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх. Орон нутгийн соёл урлагийн салбарын тогтвортой хөгжлийг хангах зорилготой хэд хэдэн асуудлыг хэлэлцжээ. -“Соёл урлагийн салбарыг мэргэжлийн боловсон хүчнээр бүрэн хангах, мэргэжлийн ёс зүйг чанд баримтлах. Нутгийн сайхан буурлуудаас соёлын биет бус өвийг уламжлан авч үлдэх, цахим соёлын үйлчилгээг хөгжүүлэх. Ирэх жил тохиох Завхан аймгийн 100 жилийн ойн нээлтэд оролцох морин хуурчдын бэлтгэл хангахад анхаарч ажиллаж байгаа” гэж аймгийн засаг дарга зөвлөгөөний үеэр онцлов. Зөвлөгөөнөөс 24 сумын Соёлын төвийн бүжгийн багшийн орон тоог нэмэх, “Музей техникийн ажилтан” албан тушаалын нэрийг “Соёлын өв хариуцсан ажилтан” гэж өөрчлөх. Соёлын салбарын барилгын засвар, тоног төхөөрөмжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, мэргэжлийн ёс зүйн дүрэмтэй болох саналыг яаманд уламжлахаар болжээ. Мөн Соёл урлагийн Их сургуулийн салбар Хөгжим бүжгийн коллежтой хамтран мэргэжил эзэмшүүлэх болон чадавхжуулах богино хугацааны сургалтыг соёлын салбарууд хамтран зохион байгуулах. ”Үндэсний бахархал, Монгол өв соёл” арга хэмжээг хэрэгжүүлэхэд бүх талын оролцоог хангах. Сум бүрт соёлын нэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгон сурталчлах. Тосонцэнгэл сумын соёлын төвийг Соёлын ордон болгох, соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлал, цахим соёлын үйлчилгээний талаар сургалт, мэдээллийг шат дараатайгаар соёлын салбарынханд явуулах. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэхчлэн шийдвэрүүдийг гаргаж аймгийн соёл урлагийн салбарын нийт ажилтнуудад зориулан уриалга гаргаад байна. Уриалгад соёл урлагийн ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрэмтэй болцгооё. Соёл урлагийн байгууллагыг мэргэжлийн хүний нөөцөөр бүрэн хангая. Сум бүр соёлын нэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгоё. Сум бүр “Үндэсний бахархал, Монгол өв соёл” арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж, өв соёлоо сурталчлан таниулж, үр хойчдоо түгээн дэлгэрүүлье. Соёлын бүтээлч, үйлдвэрлэлийг хөгжүүлье хэмээсэн байна гэж аймгийн Соёл урлагийн газраас мэдээлэв.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     40    0