Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл хэрэгжүүлж байна

“Анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн I үе шатны /2015-2020/ үр дүнг тайлагнах, 2021 оноос хэрэгжүүлж эхэлсэн “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг танилцуулах уулзалтыг өчигдөр зохион байгууллаа. Уг төслийг Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, JICA Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран 2024 он хүртэл хэрэгжүүлэх юм. Төслийн I үе шатанд Монгол Улсын эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч нарын төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог бэхжүүлэх, шинэчлэх, чадамжийг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг явуулжээ. Харин II үе шатанд сувилахуй, эх барихуйн төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл” хэрэгжүүлж байна. Өнгөрсөн хугацаанд “Ерөнхий мэргэшил судлал” үндсэн мэргэшлийн сургалтын хөтөлбөрийг боловсруулж, тус чиглэлээр сургалт эрхлэх жишиг байгууллагаар Орхон аймгийн БОЭТ, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийг сонгон 2018 оноос анхны элсэгчдийг хүлээн авч дээрх сургалтыг эхлүүлсэн. Мөн Дорнод аймгийн БОЭТ, Монгол Японы эмнэлэг, УГТЭ 2018 оноос хойш нийт 96 резидент эмч элсэн суралцсан байна. Мөн түүнчлэн сургалт эрхлэх байгууллагын явцын үнэлгээний шалгуур хуудсыг боловсруулан 2019 оноос хойш сургалт эрхлэх байгууллагын зөвшөөрөл бүхий 23 байгууллагад явцын үнэлгээг хийж байна. Төслийн явцад үндэсний чиглүүлэгч багш болон сургагч багшийн сургалтыг зохион байгуулах байсан бөгөөд одоогийн байдлаар үндэсний хэмжээнд эмнэл зүйн чиглүүлэгч багш 91, эмнэл зүйн сургагч багш нийт 914, сувилахуйн чиглүүлэгч багш 32, сувилахуйн сургагч багш 159 бэлтгээд байна. Төслийн II үе шатанд “Ерөнхий мэргэшил судлал” үндсэн мэргэшлийн сургалтыг орон даяар өргөжүүлэн хөгжүүлэхээс гадна сувилахуй, эх барихуйн салбарт шинэ сувилагч, эх баригч нарыг ажлын байран дээр сургаж, дадлагажуулах, сургалтын хөтөлбөр боловсруулж, нэвтрүүлэх замаар төгсөлтийн дараах сургалтыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     33    0