М.Нямлхагва:Сэлэнгэ аймгийнхаа хэмжээнд дугуйн спортын мастерууд, зэрэгтэй тамирчдыг төрүүлэхийн төлөө зүтгэж байна

Сэлэнгэ нутагтаа нийтийн биеийн тамир, тэр дундаа дугуйн спортыг хөгжүүлэх үйлсэд өөрийн хүч хөдөлмөрөө зориулан яваа “Дугуйтай-Сэлэнгэ” клубын тэргүүн М.Нямлхагватай уулзаж ярилцлаа. -Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Дугуйтай -Сэлэнгэ” клубээр сонин юутай байна. Сүүлийн үед явуулж байгаа үйл ажиллагаанаасаа сонирхуулаач. Саяхан гадаад аялал зохион байгуулсан гэсэн? -Сайн байцгаана уу, та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Дугуйтай Сэлэнгэ клубээр сонин ихтэй байна. Бид Монголын Дугуйн Холбооноос зохион байгуулж байгаа улсын чанартай уралдаан тэмцээндээ оролцохоос гадна Дугуйтай аялалыг зөвхөн эх орондоо биш, цаг сайхан ирж хил нээгдсэнтэй холбогдуулан хөрш зэргэлдээ орос, буриадын дугуйчидтайгаа холбогдон хилийн чандад 3 дахь удаагаа зохион байгууллааэ. Бидний энэхүү аялалд Сэлэнгэ аймгийн дугуйчдаас гадна Дорнод, Хөвсгөл, Өвөрхангай, Улаанбаатар хотын олон клубын дугуйчид ирж оролцож байгаад бид маш их баяртай байна. Дугуйн спортоор хичээллэвэл өдрөөс өдөрт эрүүлжиж, эрч хүчтэй болж, амьдрал маань улам утга учиртай болж байгааг мэдрэх болно. Дугуй бол аялангаа амардаг гайхалтай гоё хобби юм даа. Бид сяхан 05-р сарын 07-ны өдөр Хиагт хотын захирагчын урилгаар Хиагт хотоо тойрсон 25 км-ийн жийлтэнд оролцоод ирсэн. Орос, Буриадын дугуйчид маань биднийг сайхан хүлээн авч, халуун дулаан яриа өрнүүлэн цаашид хамтран ажиллах талаараа ярилцсан байгаа. Энэ удаагийн аялал маань Ялалтын баярын үйл ажиллагаатай давхацсан учраас бид Сэлэнгэ аймгаа, МДХолбоогоо төлөөлж оролцоод ирлээ. -Сэлэнгэ аймагт нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, цаашлаад дугуйн спортыг хөгжүүлэх, шинэ шатанд гаргах үйлсэд өөрийн тань оруулж буй хувь нэмэр нэлээд их байгаа бололтой. Энэ онд хийхээр төлөвлөсөн ажлуудаасаа дурьдаач? -Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд Дугуйн спорт үнэхээр чухал үүрэгтэй байгаа. Дугуй унасанаар бие, сэтгэл хоёулаа хамтдаа эрүүлждэг онцлогтой. Байгалийн сайханд, эрүүл агаарт жийсэнээр тархи толгой өвдөхгүй, даралт ихдэхгүй, стресс ядаргаа тайлагдана. Мөн хоол боловсруулах эрхтэнүүд сайжирч өдөр бүхэн өтгөнөө бүрэн хэмжээгээр гаргадаг болно. Мөн хөл гарын, гуяны, өгзөгны булчингууд чангарч, үлбэгэр сулбагар, эрч хүчгүй байдал арилдаг. Түүнчлэн нурууны болон үе мөчний өвчинд дарлуулахгүй эрүүл сайхан болно...гээд маш их ач тустай шүү дээ. Бас залуу нас, ур чадвар, хөдөлгөөний уян хатан байдлаа сайн хадгалж чадна. Дугуйн спортоор хичээллэснээр цусны эргэлт сайжирч, бодисын солилцоо хэвийн болдог. Ингээд дурьдаад байх юм бол олон олон ач холбогдол, үр дүнг тоочих болно. Иймээс хүмүүсийг “Зүгээр л дугуй уна, жий, та өөрөө мэдрэх болно” гэж хэлмээр байдаг даа. -Аймаг орон нутгийн удирдлагууд танай клубын үйл ажиллагааг дэмжиж ажиллана гэдгээ амалсан байсан. Тухайлбал ямар чиглэлээр хамтарч ажиллахаар ярилцсан бэ?ъ -Бидний явуулж байгаа үйл ажиллагааг Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Оюун, БОАЖГазрын дарга Д.Түвшинтөгс, Сүхбаатар сумын Засаг дарга Т.Пүрэвсүрэн, сумын ЗДТГ-ын дарга н.Сарантуяа, Аймгийн БТСГазрын дарга Б.Батмөнх нарын зэрэг аймаг, сумын удирдлагууд маань дэмжиж, тусалж, хамтран ажиллаж байгаад бид маш их баяртай байгаа. Биднийг дэмжиж туслаж байгаа дээрх удирдлагуудад баярлалаа гэж хэлмээр байна. “Бид хичээнээ, та бүхэн минь дэмжээрэй” Та бүхэндээ ажлын амжилт хүсье. Нэг үг байдаг даа. Хичээж байгаа хүнийг дэмжээд өгвөл бүр сайн гэж. Бид яг энэ зарчмаар хамтран ажиллаж байгаа учраас манай клубын үйл ажиллагаа, гадаад дотоодын аялал маань амжилттай, олон түмэнд маань хүртээмжтэй байгаа. Энэ онд хийхээр төлөвлөсөн олон ажил байгаа. -Мэдээж бэрхшээлгүй амархан бүтэх зүйл гэж байдаггүй. Зорьсон зорилгодоо хүрэхийн тулд өөрийн тань баримталдаг гол зарчим юу вэ? -Аливаа ажлыг явуулахад мэдээж хүндрэл бэрхшээл тулгардаг. Үүнийг хамтын хүч, зорилгодоо тууштай, үнэнч байдлаар л даван туулж, ялалт амжилтанд хүрдэг дээ. -Ер нь ажиглаад байхад эмэгтэйчүүд их дайчин, аливаа юманд тууштай, зүтгэлтэй юм шиг санагддаг. Өөрийн тань хийж байгааг харж байхад энэ бас нотолгоо ч болоод байх шиг. Клубын тань тамирчдын хэдэн хувьд нь эмэгтэйчүүд байгаа вэ? -Манай клубт эмэгтэйчүүд их бий, эрчүүдээсээ дутах юм байхгүй, яг л энэ тэнцүү явна шүү дээ. -Гадаад болон дотоод аялалын онцлог ялгаа юу байх юм? -Гадаад, дотоодын аялалд ялгаа нь гэвэл тухайн орны хэлийг эзэмшсэн, ажлаа явуулахад хүндрэл бэрхшээлгүй л байх шаардлагатай. Манай клубын хувьд гэвэл хил, гаалийн ажилтнууд олонтой, хэлний бэрхшээл, хүндрэл байхгүйгээрээ их онцлог, давуу талтай байдаг. -Клубын тамирчдын оролцоо хэр байна. Мэдээж насны ангилал энд байхгүй юм шиг харагдсан? -Манай клубт янз бүрийн насны хүмүүс байдаг. Клуб маань дотроо “аялагч залуус” гээд сургуулийн насны хүүхдүүдийн групптай. Тэд ахлахуудтай. Бас Ахмадын групптай. 3 насны ангиллаар боловч аливаа уралдаан тэмцээнд орох, аялалд явахад бөөндөө л нийлээд явчихдаг. Очсон хойноо л нас насаараа орцгоож амжилт гаргасаар байгаа. -Таны цаашдын том зорилго нууцгүй бол? -Цаашид хийхээр төлөвлөж байгаа олон сайхан ажлууд бий. Бид өнөөдөр Сэлэнгэ аймгийнхаа хэмжээнд дугуйн спортын мастерууд, зэрэгтэй тамирчдыг төрүүлэхийн төлөө зүтгэж байна. Монголынхоо дугуйн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулахын зэрэгцээ Сэлэнгэ аймгаа Монголын Дугуйн Холбооны нэр хүндтэй клубтэй шилдэг аймаг болгохын төлөө зүтгэж байна. Бид хүүхэд залуучуудаа дугуйн спортод зөв, сайхан сургахын тулд Сүхбаатар сумынхаа төвийн ЕБ-ийн 6 сургууль дээр очиж дугуйн спортод дуртай хүүхдүүдийг бүртгэн авч, тэдний дунд сургалт явуулж, эцэг эхтэй нь уулзаж ярилцан, тулж ажиллаж байгаагаараа бас их онцлогтой. Энэ ажилд Ерөнхий боловсролын сургуулийн захиралууд, биеийн тамирын багш нар их ач холбогдол өгч ажиллаж байгаа. Сэлэнгэ аймаг маань аялал жуулчлал хөгжүүлэхэд үнэхээр тохиромжтой, үзэсгэлэнтэй байгальтай нутаг. Бидний хөрш зэргэлдээ орос, буриадын дугуйчид маань бас наашаа ирж, манай энэ сайхан нутгийг минь үзэж сонирхож, байгалийн үзэсгэлэнт газруудаар хамтарсан жийлт хийхээр төлөвлөж байгаа. Мөн Улаанбаатар хотын нэлээд олон клубууд, бусад аймаг орон нутгаас бидэнд бас хүсэлт ирж байгаа. Сэлэнгэ аймгийн байгалийн сайханд хамтран дугуйгаар жийх, аялах. Манай клуб энэ онд хийхээр олон ажил төлөвлөсөн. Үүнийхээ дэс дараалан хэрэгжүүлээд явж байна. Бидний ажил Монголын Дугуйн Холбооны нээлтийн уралдаанд оролцохоос эхэлсэн. Өнгөрсөн 3-р сарын 12-ны өдөр бид энэ тэмцээнээс аймагтаа 3 хүрэл, 1 мөнгөн медальтай ирсэн. Энд 25 клубын 177 дугуйчид оролцсон тэмцээн болж, бид 3-р байранд орсон амжилтаар гараагаа эхэлж, Сэлэнгэ нутгийнхаа нэр хүндийг өндөрт өргөж яваадаа баяртай байгаа. -Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     33    0