Чөлөөт бүсүүдийг хөгжүүлэх төлөвлөгөөг БХБЯ-тай хамтран шинээр боловсруулна

Алтанбулаг чөлөөт бүсэд өнөөдрийн байдлаар нийт 500 га газраас ААН-үүдэд 130.5 га-г олгожээ. Шинээр олгох боломжтой газар нь 34.6 га, нөөцөд авсан нь 188.4 га газар байна. Ихэнх газрыг 2018-2019 онд олгож, сүүлийн 2 жилд газар олголт буурчээ. Тус бүсэд Чөлөөт бүсийн бэлэн байдлын үнэлгээг хийж буй боловч ТЭЗҮ боловсруулаагүй ирсэн байна. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг аль 2003 онд хийж байсан. Хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн, мөн Мастер төлөвлөгөөг мөн онд хийж байсан ч батлуулаагүй ирснийг одоо БХБЯ-тай хамтран шинээр боловсруулж байна. Цагааннуур чөлөөт бүсэд нийт 708.5 га газартайгаас энд 9 ААН бүртгэлтэй байгаагаас 4-д нь 101.3 га газрыг олгоод байна. Энд Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон байгаль орчны нарийвчилсан үнэлгээг 2008 онд хийсэн ч мөн батлуулаагүй, ТЭЗҮ-г боловсруулаагүй, урьдчилсан судалгааг хийгээгүй “түүхий” байдалтай байна. Замын-Үүдийн чөлөөт бүс ний 900 га газартайгаас 101.9 га-г ААН-үүдэд олгожээ. Тус бүсэд 81 ААН бүртгэлтэй байна. Тус бүсийг хөгжүүлэх төлөвлөөгөө, ТЭЗҮ зэргийг заримыг нь 2011 онд боловсруулсан боловч одоо батлуулах шатанд байна. Хөшигийн хөндийн Эдийн засгийн чөлөөт бүсийн хувьд саяхан УИХ-ын тогтоолоор Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт мянган га газарт байгуулахаар тогтоод байна. Тус бүсийн хувьд дэд бүтцийн асуудал хараахан бэлэн болоогүй, судалгааны шатанд явж байна. Чөлөөт бүсүүдийн байдал өнөөдөр ийм байгааг Эдийн засаг, хөгжлийн яамны Хилийн боомтын хөгжил, чөлөөт бүсийн бодлогын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Эрдэнэбулган өнөөдөр МҮХАҮТ-д болсон “Чөлөөт бүсийн хөгжлийн бодлого” хэлэлцүүлэгт тавьсан “Чөлөөт бүсийн өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” илтгэлдээ дурдлаа. Хэлэлцүүлгийг хувийн хэвшил талаас зохион байгуулан оролцсон МҮХАҮТ-ын тэргүүн О.Амартүвшин, “Төр, засаг 25 жил чөлөөт бүсүүдийг хөгжүүлэх гэж менежмент хийх гэж ирлээ. Болж бүтээгүй ирсэн юмыг одоо хувийн хэвшилдээ энэ ажлыг шилжүүлэн өгснөөр хувийн хэвшлийнхэн консерциум байгуулаад зохион байгуулья. Үр дүнг үлдэж буй 2 жилд гаргая, эцсийн дүнд үр дүн чухал хэрэгтэй байна” гэсэн санаачилгыг гаргаж байв. Чөлөөт бүстэй холбоотой хууль эрхзүй нь анх манай улсад 1995 онд Чөлөөт бүс байгуулах үзэл баримтлалаас эхэлж, хамгийн сүүлд өнгөрсөн онд Чөлөөт бүсийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж эхэлсэн байдалтай байна. Өнөөдрийн хэлэлцүүлгийн талаар Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Наранцогтоос тодруулахад, “Чөлөөт бүсийн хөгжлийг хязгаарлаж буй хүчин зүйл өнөөдөр харилцан адилгүй байна. Үүнийг хамтдаа тодорхойлж олон улсын сонгодог загвараар нь хэрэгжих бодит ажлаа хувийн хэвшилтэйгээ хамтдаа хийж хэрэгжүүлье гэдэг талаар хэлэлцлээ. Чөлөөт бүсийг хөгжүүлэх нь дан ганц төрийн ажил биш гэдгийг өнгөрсөн хугацаа харуулсан” гэдгийг хэлж байв.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     40    0