Газрын тосны бүтээгдэхүүний импорт 8.6 хувиар багассан ч үнийн дүн нь 43.7 хувиар нэмэгдэв

Манай улсын импорт энэ оны эхний 3 сарын байдлаар 1,690.7 сая ам.долларт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 166.9 сая ам.доллар буюу 10.9 хувиар нэмэгдсэнийг УУХҮЯ мэдээлэв. Үүнээс, эрдэс бүтээгдэхүүний импорт 386.5 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 109.7 сая ам.доллар буюу 39.6 хувиар нэмэгдсэн байна. Эрдэс бүтээгдэхүүний импортын үнийн дүнгийн 85.5 хувийг газрын тосны бүтээгдэхүүн эзэлж байв. Энэ оны эхний 3 сарын байдлаар 330.5 сая ам.долларын 408.2 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс биет хэмжээгээр 38.3 мян.тн буюу 8.6 хувиар багассан ч, үнийн дүнгээр 100.6 сая ам.доллар буюу 43.7 хувиар нэмэгдлээ. Газрын тосны бүтээгдэхүүний импортын нийт үнийн дүнгийн 90 хувийг автобензин, дизель түлш, үүний 44.3 хувийг автобензин, 45.7 хувийг дизель түлшний импорт эзэлж байна. Дээрх хугацаанд 146.5 сая ам.долларын 179.7 мян.тн автобензин импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс биет хэмжээгээр 67 мян.тн буюу 59.5 хувиар, үнийн дүнгээр 90.4 сая ам.доллар буюу 1.6 дахин нэмэгджээ. Нэг тн автобензины импортын дундаж үнэ 815 ам.доллар болж, 317.8 ам.доллар буюу 63.9 хувиар нэмэгдсэн аж. Харин мөн хугацаанд 151.1 сая ам.долларын 198.3 мян.тн дизелийн түлш импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс үнийн дүнгээр 15.3 сая ам.доллар буюу 11.3 хувиар нэмэгдэж, биет хэмжээгээр 75.4 мян.тн буюу 27.5 хувиар багаслаа. Нэг тн дизель түлшний импортын дундаж үнэ 761.9 ам.доллар болж, 265.7 ам.доллар буюу 53.6 хувиар нэмэгджээ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     35    0