Зах зээлд борлуулж байгаа эмийн 19 хувь бүртгэлгүй байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” тогтоолын төслийг байнгын хороонд буцаалаа. Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтэд гүйцэтгэлийн аудит хийхэд 44 аж ахуйн нэгж эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх 63 тусгай зөвшөөрөл эзэмшиж буйгаас 84.1 хувь нь эм үйлдвэрлэлийн зохистой дадал GMP-ын шаардлагыг хангаагүй байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлтөөр олгож буй эмийн 10 хувь нь чанаргүй байх эрсдэлтэй, зах зээлд борлуулж байгаа эмийн 14 хувь нь стандартын бус, 19 хувийг бүртгэлгүй эм эзэлж байгаа гэсэн судалгаа гарсан байна. Иймд Уг төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал нарын 22 гишүүн эмийн асуудлыг хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төслийг энэ сарын 3-нд өргөн мэдүүлсэн юм. УИХ-ын гишүүн Н.Учрал тогтоолын төслийг чуулганд танилцуулахдаа, “Дотоодын зах зээлийн эм нь өндөр хөгжилтэй орны зах зээлд байгаа эмтэй орц, найрлагын хувьд ижил боловч үйлчлэлийн хувьд харилцан адилгүй нөлөөлөлтэй нь эмийн чанар, аюулгүй байдалд тавигдах хяналт шалгалтын үр нөлөө бага, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг мөрдөхгүй байгаатай холбоотой гэж үзэх үндэслэл болж байна” хэмээв. Төрийн хяналт шалгалтын хуулиар аливаа компанид шалгалт хийхэд заавал урьдчилан мэдэгддэг байна. Энэ дагуу 2019 онд мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт хийхэд бүртгэгдээгүй болон бүртгэлийн заавраас зөрсөн 99 нэрийн 1604 ширхэг, хэрэглэх хугацаа дууссан 50 нэрийн 550 ширхэг, хаяг шошгийн зөрчилтэй нэг нэрийн 18 ширхэг, хадгалалтын горим зөрчсөн 14 нэрийн 54 ширхэг эм, эмнэлгийн хэрэгсэл илэрчээ. Ингээд зөрчил гаргасан 13 байгууллага, 28 албан тушаалтанд нийт 15 сая 250 мянган төгрөгийн шийтгэл ногдуулсан байна. Тиймээс эмийн асуудлыг хянан шалгах зайлшгүй шаардлага байгааг төсөл санаачлагчид онцолж байлаа. Харин энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар тус түр хорооны тусгай шалгалтын сэдэв, хүрээ хязгаарыг нарийвчлан гаргах хэрэгтэй хэмээгээд гүйцээн боловсруулах чиглэл өгч, Нийгмийн бодлогын байнгын хороонд буцаалаа.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     40    0