Халиар уулын судар, номыг бүрэн эхээр хурлаа

Дархан-Уул аймаг дахь Хараагийн Дарь эх Ламын Гэцогдаржаалин хийд нь 1892 онд Сэлэнгэ аймгийн Номгон сумын нутагт орших Халиар уул /оноосон нэр/ буюу Өндөр Найдаг хайрханы /газар, орны эзэн-хүндэтгэлийн нэр/ өвөрт анх байгуулагдаж байсан түүхтэй. Уг хийдийн лам нь жил бүрийн зуны эхэн сарын шинийн аравны бэлэгт сайн өдөр хийдийн туурь дээр очиж Халиар уулын судар, номыг бүрэн эхээр нь хурж тахилга үйлддэг байна. Тахилгын судар нь Хараагийн Дарь эх ламын гуравдугаар дүрийн Чойжинжанцангын зарлигаар Цагаан Уулын лам гэх хүний зохиосон тахилгын судар байдаг аж. Уг судрыг бүрэн эхээр нь хурж тахилгын зан үйлийг хийдэг аж. 2006 оноос хойш тахиж ирсэн уг зан үйл нь сүүлийн хоёр жил цар тахлын улмаас тасарсан бөгөөд энэ жилээс эхлэн дахин сэргээж байна. Хараагийн Дарь эх Ламын Гэцогдаржаалин хийдийн лам нар тахилгын зан үйл хийхдээ хайрханы орой дахь овоонд гарч судар, ном хурдаг аж. Учир нь бурханы шашинд аливаа уул, усны эзэн, лус садваг нь уулын оройд байдаг гэж үздэг. Тиймээс уулын эзний дэргэд тахилгын зан үйлийг үйлдсэнээр тухайн ууланд гарсан хүн, ардын хийморь сэргэх, ажил үйлс нь бүтэмжтэй байдаг ажээ. Уг тахилга нь Дарханчуудын сайн сайхны төлөө, эрүүл энх, өвчин зовлонгүй, хур бороо цагтаа бууж, ногоо тэгширсэн дэлгэр зун болгох, арвин их ургац авахыг бэлгэдэн хурдаг тахилгын зан үйл аж. Энэ өдөр “Уран байгаль” аялалын клубын гишүүд их хайрханд очиж гороо эргэх зан үйлийг хийлээ. Ингэхдээ Бурхан багшийн айлдсан Гаанжуур 108 боть судрыг элэгэндээ тэвэрч Халиар уул буюу Өндөр Найдаг хайрханыг нар зөв тойрон гороолов. Цар тахлаас өмнөх жилүүдэд 108 хүн гороо хийж эргэл, мөргөлийг хийж адис жанлав хүртдэг байсан бол энэ удаад тооны бэлэгдлээр хорин нэгэн хүн уг зан үйлийг хийсэн байна. Их хэлмэгдүүлэлтийн жилүүдэд 600 гаруй лам бурхан багшийн айлдсан Гаанжуур судрыг хурж байсан энергийн төв болсон энэ газарт сүсэгтэн олон эргэл мөргөл хийснээр тухайн газар нь хүмүүсийг адисладаг ажээ. Судар, ном хурж байхад болон түүний дараа даллага авах үед хур бороо орвол бурхан номын адис жанлав бууж байна гэж үздэг аж. Тахилгын үеэр цас орсон бөгөөд найман тахилтай адилтгадаг гэдгийг ловон лам онцолж байлаа. Түүнчлэн гороо хийж байсан хүмүүстэй гүрвэл, лусын амьтан гэгдэг могой таарч хайрханы ар бэлд явж байхад хэсэг зуур цас орсонд ихэд билэгшээж байлаа.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     40    0