М.Идэрбат: Зорьсон, ярьснаа бүгдийг хийж түүхэн ойгоо угтана

Сүхбаатар : Аймгийн Засаг дарга М.Идэрбат аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн баяр наадмын хүрээнд хийгдэж буй ажил, авч буй арга хэмжээ болон цаг үеийн зарим асуудлаар мэдээллийг өглөө.Улс, аймаг орон нутгийн эдийн засгийн нөхцөл хүндхэн байгаа ч нөхцөл байдлаас шалтгаалан нэн шаардлагатай бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудыг цаг алдалгүй хийхийг зорьж байна. Заавал төсвийн мөнгийг харах биш гадны дотны тусламж дэмжлэг, хувийн хөрөнгө оруулалтыг татах тал дээр анхаарч байна. Энэ хүрээнд аймаг орон нутагт томоохон ажлууд эхэлсэн гэдгийг тэрээр мэдээллийн эхэнд тодотгоод зорьсон, ярьснаа бүгдийг хийж түүхэн ойгоо угтана гэдгээ онцлов. Аймгийн баяр наадмын товын тухайд... Аймгийн ИТХ-аас аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн баяр наадам, зүүн бүсийн хурд, Алтан овооны их тахилгыг хамтатган 8 дугаар сарын 6-нд тэмдэглэх тухай саналыг хүргүүлсэн. Энэ шийдвэр бол Монгол Улсын Загийн газраас хамаарах учир дан ганц бидний гаргах шийдвэр биш. Улмаар аймгийн ой, Алтан овооны тахилга наадмыг тус тусд нь тэмдэглэх эцсийн шийдэр гарсан. Мөн МУЗГ-аас баяр наадмыг 7 дугаар сард багтаан тэмдэглэж дуусгах чиглэлийг аймгуудад өгсөн. Үүнтэй холбоотойгоор аймгийн 80 жил, зүүн бүсийн хурд наадмыг 7 дугаар сарын 25-наас 29-ний хооронд тэмдэглэхээр ярьж байна. Яг хэдэнд нь вэ гэдэг удахгүй шийдвэр гарч тодорхой болно. Алтан овооны тахилгыг ирэх 2023 онд тэмдэглэнэ. Ойн хүрээнд хийгдэж буй бүтээн байгуулалтын хүрээнд... Бид иргэдээ нэг дор наадах боломжийг бүрдүүлж наадмын талбайг морь барианы дэнж дээр шинээр барьж байгаа. Энэ ажлыг 7 дугаар сард дуусган баяр наамын өмнө ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байгаа. Гэхдээ сандал, асарнаас эхлээд доторх хийц, тохижилтын ажил хил хаалттай учир төлөвлөснөөр болоогүй. Тиймээс эдгээрийг Европын орон руу захисан, үйлдвэрээсээ гарсан удахгүй Монгол руу ирэх мэдээлэл аваад байгаа. Тэгэхээр манай иргэд аймгийнхаа түүхэн ойг шинэ талбайдаа тав тухтай сайхан тэмдэглэнэ гэж ойлгож болно. Бид аймгийн төв доторх тойргийн замуудаа бүрэн дуусгахаар ажиллаж байна. Мөн доторх нэмэлт замуудыг хучих, сайжруулах ажил бий. Наадмын шинэ талбайруу явах хоёр урсгал замыг хатуу хучилттай болгох ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хийнэ. Мөн наадмын талбайд авто машины зогсоол, морь барианы газрын тохижилтыг хийнэ. Ингэснээр талбайгаа цогцоор нь шийдвэрлэнэ гэсэн үг. Зочид төлөөлөгчдөө хүлээж авах ажлын хүрээнд Дарьганга зочид буудал өргөтгөл хийж байна. Баяр наадмын өмнө дуусна. Түүний цаад талд мөн шинэ буудал баригдаж байгаа. Гэхдээ энэ ажил ойн баяр наадмын өмнө дуусах эсэх нь тодорхойгүй байна. Ямартай ч ажил нь эхлээд явж байна. Ойг угтаж хийж буй онцлох ажлуудын нэг бол олон жил гацсан спорт цогцолборын ажлыг үргэлжүүлж байгаа явдал. Хэдийгээр бүрэн дуусгаж амжихгүй ч бидний зүгээс гадна пасад, өнгөлгөөний ажлыг дуусгах чиглэлийг гүйцэтгэгчид өгсөн. Ер нь ой хүртэлх хугацаанд төр захиргааны байгууллагууд маш их ачаалалтай, богино хугацаанд их ажлыг амжуулахаар ажиллаж байна. Мэдээж үүнд хувийн хэвшлээ ч татан оролцуулна. ААНБ-уудад өнгө зүсээ сайжруулах, ногоон байгууламжаа нэмэгдүүлж, гэрлэн хаяг, гэрэлтгүүлгээ сайжруулах албан даалгаврыг өгсөн. Бусад төсөл, арга хэмжээнүүдийн талаар... Манайд хэрэгжиж буй томоохон төслүүдийн нэг бол Цэвэрлэх байгууламж. Энэ ажил ямарч байсан энэ ондоо дуусч, ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа. Мөн бид ундны усны цэвэрлэх байгууламжийн төхөөрөмжийг шинэчлэх хөрөнгийг төслийн шугамаар шийдсэн. Тендер зарлагдаж 3, 4 компани орж байгаа. Төслийн нэгжийнхэн Улаанбаатар хотод шалгаруулалтаа хийж, гүйцэтгэгчийг сонгоно. Сонгон шалгаруулалтаас хойш 2-3 сарын хугацаанд тоног төхөөрөмжийн угсратын ажил хийгдэнэ. 9 дүгээр сар гэхэд бид ундны асуудлаа бүрэн шийдвэрлэнэ гэлээ. Энэ бол Баруун-Уртчуудын маш олон жилийн хүлээлт болоод байсан ажил. Хуучнаар 1500 айлын орон сууцны төсөл шинэчилсэн зураг төсвөөр 960 айлын орон сууцны хороолол баригдахаар болсон. Шугам сүлжээний ажлыг 3 тэрбум төгрөгийг шийдүүлсэн. Мөн гүйцэтгэгч компани тодорсон. Удахгүй ирж ажлаа эхлүүлнэ. Барилга барих ъомпанийн сонгон шалгаруулалт зарлагдаагүй байна. Ямар компани хэрхэн гүйцэтгэх вэ гэдгээс хамаарч орон ууцны үнэ толорхой болно. Нэг нэг блокоор нь тусдаа компаниар гүйцэтгүүлэхээр төлөвлөж байгаа. Яг одоо хийгдэж байгаа ажил болох өрхийн эмнэлэгийн барилгыг энэ жил бүрэн дуусгана. Хамгийн их хүлээллтэй байгаа ажил бол Баруун-Урт сумын 5 дугаар сургуулийн барилга. Анх энэ барилгын ажлыг авсан компани өөрөө санхүүгийн болоод ажиллах хүчний чадвар сул байсан. Одоо үлдэгдэл 4 тэрбум төгрөг бий. Энэ жилийн төсөвт 2,4 тэрбум төгрөг тавигдсан. Аймаг орон нутгийн зүгээс компанийг шахаж, ажлаа хугацаандаа гүйцэтгэх чиглэлийг өгч байгаа. Барилга өөрөө их том. 960 хүүхдийн суудалтай хичээлийн байр, спорт заал, урлагийн заалтай. Одоогоор ерөнхий гадна рам нь боссон, хаалга, цонх нь БНХАУ-д хийгдсэн ч татаж авч чадахгүй байгаа гэсэн тайлбарыг өгч байгаа. Бид гүйцээтгэгчийн гэрээг 12 дугаар сар хүртэл сунгасан. Ямар ч байсан энэ ондоо ашиглалтад хүлээлгэн өг гэсэн чиглэлийг өгсөн. 3 дугаар сургуулийн барилгын асуудлаар эцэг эхчүүд маш их саналыг ирүүлж байгаа. Аймгийн хувьд шийдлээ хийсэн. Энэ шинэ сургууль ашиглалтад орвол 3 дугаар сургуулиа тэнд шилжүүлж оруулна. Тус сургууль дээр дахин анги, бүлэг нээж бусад сургуулиудынхаа ачааллыг багасгах асуудлыг ярилцаж байгаа. Тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд: Энэ жил манай аймаг 1,1 сая мод тарина. Тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд манайх 10 жилийн хугацаанд 10 сая мод тарих чиглэлийг авсан. Холбогдох газрууд хамтран зөвлөлдөж, хуваарилалтаа гаргасан. Сумд, ААНБ, иргэд ямар байдлаар хичнээн мод тарих вэ гэдгийг төлөвлөсөн гэсэн үг. Бид замаа цэгцлээд, шиничлээд авлаа. Одоо Баруун-Уртын төвд ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнгүүдийг үе шаттайгаар байгуулахаар төлөвлөж байгаа. Баруун-Уртын цэцэрлэнгт хүрээлэнгийн ажил эхэлсэн. Улсын төсвийн тэрбум гаруй төгрөгийн хөрөнгөөр хийгдэх энэ ажлын үр дүнд Баруун-Уртын иргэд амарч, аялж зугаалах орчин нөхцөл бүрдэх юм. Хүрээлэнд 150 мянган мод тарьж, хашиж хамгаалснаар жинхэнэ ногоон орчин бүрдэж, хамгийн гол нь голын урсац сайжрах юм. Энэ бол маш том ажил. Цаашид үе шаттайгаар тохижилтыг ажлууд хийгдэнэ. Хуучин наадмын талбайн сууринд ногоон, эко орчинг бүрдүүлж тохижуулна. Талбайн тус газрын гуравны хоёрыг ногоон зүлэг бүхий задгай талбай болгоно. Мини усан паркыг байгуулна. Энэ бол анх хуучин талбайг буулгахаж байхад миний амлаж байсан зүйл. Яг л хэснээрээ хийх болно. Төсвийн мөнгөөр биш хандив тусламжаар хийгдэх нэг томоохон ажил бол Дөрвөлж цэцэрлэгт хүрээлэн. Хэдийгээр олны хэл амыг дагуулж байгаа ч тэнд 10 орчим метр өндөр бүхий бурхан багшийн хөшөөг залж, цэцэрлэгт хүрээлэнг бүрэн шинэчилнэ. Үүнийг Нутгийн зөвлөлөөс аймгийнхаа 80 жилийн ойд зориулан хийж буй ажил. Тэрбум гаруй төгрөгөөр шинэчлэл хийгдэхээр зураг төсөв нь гарсан. Орон нутгийн зүгээс үүнд ямар ч оролцоо байхгүй. Өөрөөр хэлбэл бид хандиваар удаж хуучирсан нэг цэцэрлэгт хүрээлэнгээ шинэчлээд авна гэсэн үг. Цаашлаад бид Сүхбаатар аймгийнхаа уран бүтээлчдийнхээ бүтээлээр тохижуулсан Урчуудын цэцэрлэгт хүрээлэнг байгуулахаар төлөвлөж байгаа. Үүнд Дөрвөлж цэцэрлэгт хүрээлэнд байсан хуучин хөшөөнүүд болон нутгийн бусад уран бүиээлчдийн бүтээлүүд байрлах юм. Мөн ногоон байгууламжийг цогцоор нь шийднэ. Гэхдээ энэ хүрээлэнгийн хувьд ирэх жилээс хийгдэнэ. Энэ мэтчилэн бид иргэд, хүүхэд залууст, гэр бүлүүддээ зориулсан амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэнгүүдийг байгуулна. Иргэдэд хандаж... Аймгийнхаа түүхэн ойг угтсан олон олон ажлууд хэлсэнчлэн ийглэж байна, зарим нь удахгүй эхэлнэ. Бид зорьсон, ярьснаа хийж ойгоо угтана, баяр наадмаа өргөн дэлгэр сайхан тэмдэглэнэ. Аймаг орон нутгийнхаа өнгө үзэмжийг сайжруулах, шилдэг аймаг гэдгээ батлан харуулах үйлсэд иргэн бүрийн үүрэг оролцоо ч чухал. Айл өрхүүд, иргэд дор бүрнээ идэх санаачлагатай байж, байшин, хашаа хороогоо засаж сайжруулах, мод тарих, хогоо цэвэрлэх гээд үүрэгт ажлуудаа санаачлагатай хийж төрийн ажлыг дэмжиж, хамтран ажиллахыг уриалж байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     44    0