XIII-XIV зууны үед амьдарч байсан найман хатны хөргийг толилуулж байна

Монгол Улсын Үндэсний номын сан Тайванийн Төв сантай хамтарсан үзэсгэлэнг хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. “Тайвань дахь эрдэнэс” хэмээх үзэсгэлэнд Тайвань дахь Хааны ордон музейд Монголын 8 их хаан, 13 хатны хөрөг зураг байдгаас тус үзэсгэлэнд 8 хаан, 8 хатны хөргийг дэлгээд байгаа юм. Тус хөргүүд нь хаан хатдын дүр төрхийг жишиж зурах зориулалттай, Их Монголын таван өнгөт улсад илгээдэг байсан загвар зургууд байсан гэгддэг. Тиймээс эдгээр нь их хаан, хатдын үнэн бодит дүр төрх мөн бөгөөд тэр үеийн язгууртнуудын үс гэзэг засал, дээл малгай, ээмэг зүүлт тэргүүтнийг мэдэж болох судалгааны чухал хэрэглэгдэхүүн гэдгийг Монгол Улсын Үндэсний музейн захирал Б.Ичинхорлоо тодотгов. Хатдын хөргийг ажиглахад, нэн түрүүнд хөмсөг нь сонирхол татах бөгөөд тэр үеийн хатад хөмсгөө хусаж нэгэн хэлбэрээр зурдаг байсан тухай судлаачид өгүүлж байна. Мөн XIII-XIV зууны үед амьдарч байсан найман хатны хөрөг бүгдэд нь улаан өнгийн малгай, түүн дээрх чимэглэл зүүсгэл нь бараг ижил байдалтай дүрслэгджээ. Дээлний эмжээр нь голдуу шар хээтэй хар өнгийн өргөн эмжээр, шаргалдуу өнгийн хоёр нарийн эмжээртэй байгаа нь ч тэр үеийн хатдын хувцас хэрэглэгдэхүүний дэг ёс, соёлын илэрхийлэл гэж үзэж болохоор байна. Тайвань дахь Хааны ордон музей Дундадын эзэн хаад зуун зуун жил дамнан цуглуулсан эрдэнэс байдгаараа дэлхийд алдартай бөгөөд түүний дотор Монголын түүх соёл, төрд хамаарах данс бичиг, уран зураг, Монголын шашин төрийн зүтгэлтнүүдийн хэрэглэж байсан эд өлгийн олон нандин зүйлс арвинтай. Үзэсгэлэнг энэ сарын 29-нийг хүртэл дэлгэнэ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     32    0