Монгол хүний удмын санг хамгаалах тогтоолыг батлав

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” тогтоолыг батлав. Төсөлд монгол хүний удмын сангийн аюулгүй байдал болон нөхөн үржихүйг хамгаалах, хүн ам зүй, гэр бүлийн хөгжлийг дэмжиж, монгол хүний оюуны чадавх, бүтээмж, өрсөлдөх чадвар, хүн амын өсөлт, үндэстний дархлааг бэхжүүлэх зорилгоор авч хэрэгжүүлэх ажлыг Засгийн газарт даалгаж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох Байнгын хороонд даалгасан зохицуулалтыг тусгажээ. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нарын боловсруулсан уг тогтоолыг баталснаар өрх бүр “Угийн бичиг” хөтлөх, монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, үндэстний дархлааг бэхжүүлэх зэрэг ач холбогдолтой хэмээн үзэж буй юм. Тогтоолын төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл хүн судлалын салбарт төрийн тусгай бодлого гаргах, энэ салбарыг удирдах байгууллага, нэгж байгуулах хэрэгтэй гэсэн санал хэллээ. Мөн уг тогтоолыг хэрэгжүүлэхэд хэдэн төгрөгийн санхүүжилт шаардлагатайг тодруулав. Энэ асуудлыг хариуцсан байгууллага байхгүй тул Монгол Улсад хүн судлалын хөгжил хоцрогдолтой байгааг төслийг хэлэлцүүлэгт бэлгэх ажлын багийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хэллээ. Тэрбээр, “Монгол Улсад хүн судлалын салбарыг сэргээн хөгжүүлэх асуудлыг хөгжлийн зорилтот хөтөлбөрт бие даасан бүлэг болгон оруулахыг Засгийн газарт үүрэг болгосон заалтыг төсөлд тусгасан” гэв. Мөн тогтоолыг хэрэгжүүлэхэд их хэмжээний хөрөнгө шаардлагатай бөгөөд үүнийг Засгийн газар шийдвэрлэхээр тусганыг дурдлаа. Түүнчлэн хүүхдийн тооноос хамааран гэр бүлд дэмжлэг үзүүлэх хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосон байна. Гэр бүлийг дэмжих асуудлыг тусгай хуулиар зохицуулснаар жил бүр төсөв хөрөнгийг шийдвэрлээд явах боломжтой болно гэдгийг онцлов. Харин УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн Монгол Улсад цус ойртолтын хэмжээ аюултай түвшинд хүрсэн хэдэн сум байгааг асуув. Монгол Улсын хүн амын цус ойртолтын түвшний судалгаагаар 21 аймаг бүрт цус ойртолт тодорхой түвшинд байгаа гэдгийг ажлын багаас хариулав. Гэхдээ үндэсний эв нэгдлийг хангахын тулд цус ойртолт ихтэй газруудыг шууд зарладаггүй гэдгийг хэллээ. Төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багаас төслийн 1 дэх заалтын 2 дахь дэд заалтын “овгийг” гэснийг “овгийн нэршлийг” гэж өөрчлөх, 3 дахь дэд заалтын “Улсын Их Хурлын 2023 оны хаврын чуулганы хугацаанд” гэснийг “Улсын Их Хуралд 2023 онд багтаан” гэж өөрчлөх санал гаргасан байна. Мөн 1 дэх заалтын 6 дахь дэд заалтын “уялдуулан” гэсний дараа “хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах,” гэж нэмэн, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах болгож өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хувь дэмжиж, тогтоолыг батлав. Чуулганаар Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     507    0