Дундговь аймгийн МСҮТ магадлан итгэмжлэгдсэн сургууль боллоо

Дундговь аймаг дахь МСҮТ Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлагыг хангаж, батламжаа гардан авлаа. Тус сургууль анх удаа ийнхүү магадлан итгэмжлэгдэж байгаа бөгөөд эхний магадлан итгэмжлэлийн хүчинтэй байх хугацаа 5 жил байдаг. Магадлан итгэмжлэл гэдэг нь чанарын урьдчилан тогтоосон шалгуур, үзүүлэлтүүдийг хангаж байгаа буюу давуулан биелүүлж буй боловсролын байгууллага, эсвэл түүний тодорхой салбарын үйл ажиллагааг эрх бүхий хөндлөнгийн этгээд магадлан шалгаж, хүлээн зөвшөөрөх үйл ажиллагаа ажээ. Магадлан итгэмжлэгдсэнээр тухайн боловсролын байгууллага төрөөс санхүүгийн дэмжлэг авах, суралцагчид нь төрөөс үзүүлэх хөнгөлөлт, урамшуулал, зээлд хамрагдах эрх эдлэх, төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас зохих шийдвэр дүгнэлт гаргах үндэс болдог байна. Мөн байгууллагын үйл ажиллагаанд хамт олны гишүүн бүрийг татан оролцуулж өөрөө өөртөө иж бүрэн үнэлгээ дүгнэлт өгч, цаашид өөрийгөө хөгжүүлэх чиглэл, хэтийн төлөвөө тодорхойлоход дэмжлэг үзүүлээд зогсохгүй, сургалтын чанарыг олон улсын түвшинд ойртуулан нийцүүлэх, кредит цагийг харилцан хүлээн зөвшөөрөхөд түлхэц болдгоороо онцгой ач холбогдолтой аж.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     29    0