Халдварын тохиолдол нэмэгдсэн учраас олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулахгүй

Завхан: Тус аймагт коронавирусний халдварын тохиолдол нэмэгдсэнтэй холбоотой өнөөдрөөс эхлэн олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэлээ гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. Коронавирусний халдварын тархалт улсын хэмжээнд төдийгүй Завхан аймагт нэмэгдэж, он гарсаар 155 тохиолдол бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд эмнэлэгт 105 хүн хэвтэн эмчлүүлж байна. Цаашид халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэх хандлагатай байгаа юм. Мөн мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин 20 суманд тархаж, дэгдэлт зогсохгүй байна. Иймд халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилгоор аймгийн Онцгой комиссоос дараах шийдвэрийг гаргаад байна. Тухайлбал, дархлаажуулалтын вакцинд хамрагдаагүй жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчтэй албан хаагчдад урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн болон хамгааллын үйлчилгээг үзүүлэх, дархлаажуулалтыг эрчимжүүлэх. Олон нийтийг хамарсан соёл урлаг, спортын болон сургалт, зөвлөгөөн, хурал цуглааны үйл ажиллагааг 2022 оны 1 сарын 14-ний өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар зохион байгуулахгүй байх. Төрийн байгууллагууд сар шинийн баярыг угтсан болон тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг зохион байгуулахгүй байх. 0-5 настай хүүхэдтэй эцэг, эх, жирэмсэн албан хаагчийг цахимаар ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэх. Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин нь хүний болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөр тархах эрсдэл өндөр тул ард иргэд, олон нийт хорио цээрийн дэглэмийг чанд сахих шийдвэрүүдийг тус тус гаргаад байна. Түүнчлэн удахгүй болох цагаан сарын баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэх. Нэг дор олноороо цуглаж, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх. Шаардлагагүй тохиолдолд гадуур сэлгүүцэхгүй байхыг аймгийн Онцгой комиссоос анхааруулаад байна гэв.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     22    0