“Сүүдрээр гэтэгч” киног хагас тэрбум төгрөгийн өртгөөр бүтээжээ

Монгол, БНСУ-ын уран бүтээлчдийн хамтарсан “Сүүдрээр гэтэгч” уран сайхны кино энэ сарын 13-нд нээлтээ хийлээ. “Тоонот пикчерс”-ийн үүсгэн байгуулагч, найруулагч, жүжигчин Б.Батбаатарын эл бүтээлд БНСУ-ын 10 гаруй жүжигчин тоглосон бөгөөд гол дүрд И Соль Гү, Са Вүү, Ен Дун Хунг, Мин Жү Хүг нар тогложээ. Харин Монголын талаас жүжигчин Э.Пүрэвжаргал, Б.Батбаатар, Д.Мөнхтөмөр, Д.Баярчимэг нар гол дүр бүтээжээ. Нээлтийн үеэр найруулагч Б.Батбаатар хэлэхдээ, “Кино урлаг өөрөө асар хурдацтай шинэчлэгдэж байна. Манай уран бүтээлчид гадаад дотоодын олон уран бүтээлчидтэй хамтарсан уран бүтээл хийж байгааг та бүхэн мэдэж байгаа. ОХУ, БНХАУ, АНУ-ын уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байна. “Тоонот пикчерс”-ийн хувьд Солонгосын “Film Fun” кино компанитай хамтарч “Сүүдрээр гэтэгч” киног гурван жилийн хугацаанд бүтээлээ. Энэ киноны хийц, хэв маяг, зураг авалт их өвөрмөц болсон. Солонгосын нэлээд том бүрэлдэхүүн Монголд ирж зураг авалт хийсэн. Солонгост бас зураг авсан. Кино нийт 500 сая төгрөг буюу хагас тэрбумын өртгөөр бүтсэн. Дараа дараагийн уран бүтээлээ илүү мэргэжлийн түвшинд толилуулна гэж хичээж байна” гэв. Энэхүү кинонд нийт 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллажээ. Эл бүтээлд олон улсад онц ноцтой гэмт хэрэгтэн хэмээн эрэн сурвалжлагдаж буй Эрик Жу нүүр солиулах мэс засал хийлгэж, харын шидийн хүчээр ой дурсамжаа ховстуулан сураггүй болно. Эрэн сурвалжлах сэтгүүлч Хеон Бин, Эрик Жуг хайж Улаанбаатарт ирнэ. Хеон Бин учир битүүлэг хэргийн гэрч болоод зогсохгүй далд ертөнцийн итгэмээргүй зүйлс түүнд тохиолдоно.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     26    0