Финтек зээлийн үйл ажиллагааны тайланг авна

СЗХ-ноос финтект суурилсан үйл ажиллагаа явуулж буй ББСБ-уудад аливаа эрсдэлээс хамгаалах чиглэлээр зохих дүрэм, журам, заавар, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааны баримт бичгүүдэд холбогдох өөрчлөлтийг хийн баталж, мөрдүүлэн ажиллах үүрэг өгөв. Энэ талын тайлан мэдээг ирэх сарын 15-ны дотор ирүүлэхийг даалгалаа. СЗХ зохицуулалтын салбарт финтек зээлийн үйл ажиллагаа эрхэлж буй 29 ББСБ болон Монголын финтекийн холбоотой хамтарсан уулзалт, хэлэлцүүлгийг хийсэн юм. СЗХ-ны Хяналт шалгалт, зохицуулалтын газраас зохион байгуулсан уулзалт, хэлэлцүүлгийн үеэр Хорооноос олгосон зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хүрээнд эрхэлж буй финтек зээлийн үйлчилгээтэй холбоотойгоор иргэд, үйлчлүүлэгчдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, түүний шийдвэрлэлтийн байдал, зээлийн мэдээллийн санд нийлүүлж буй мэдээллийг танилцууллаа. Мөн СЗХ Соёлын яам, Үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчдийн нэгдсэн холбоо хамтран соёлын өвийг хамгаалах талаар хамтран ажиллахаар санал солилцлоо. Уулзалтаар гурван тал хамтын ажиллагааг дэмжиж ажиллахын зэрэгцээ мэдээ мэдээлэл солилцох, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, соёлын үйл ажиллагаанд иргэн, ААН-ийн оролцоог нэмэгдүүлэх, салбарын мэргэжлийн оролцогчдыг чадавхижуулахад хамтран ажиллахаар боллоо. СЗХ үнэт металл, үнэт чулуу, тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгож буй бөгөөд өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар 40 хуулийн этгээд, 436 иргэн тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     27    0