Монгол, Хятадын парламентын байнгын уулзалтын механизмын уулзалт боллоо

Монгол Улсын Их Хурал, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал (БХАТИХ) хоорондын байнгын уулзалтын механизмын 4 дэх удаагийн уулзалт өнөөдөр боллоо. Уулзалтыг Монгол Улсын талаас УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол, Хятадын парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан, БНХАУ-ын талаас БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга, Хятад, Монголын парламентын бүлгийн дарга Байма Чилинь нар даргалав. Уулзалтыг нээж УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан үг хэлэв. Тэрбээр, энэ жил манай улсад Ардын хувьсгал ялсны 100 жил тохиож байгааг тодотгоод, ойг тохиолдуулан Хятадын дээд удирдлагаас захидал ирүүлж, баярыг хуваалцсанд талархал илэрхийлэв. Мөн ХКН байгуулагдсаны 100 жил, БНХАУ байгуулагдсаны 72 жилийн ойн баярын мэндийг дэвшүүллээ. Тэрбээр, "Хөрш зэргэлдээ Хятад улс эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлөө хадгалж байх нь Монгол Улсын хөгжил дэвшилд таатай гадаад орчныг бүрдүүлж байна гэж бид үздэг бөгөөд хоёр улсын хөгжлийн стратегийг уялдуулан хэрэгжүүлэхийг дэмжиж ирсэн. Дэлхий нийтийг хамарсан цар тахал улс орнуудын эдийн засгийн хөгжил, гадаад хамтын ажиллагаа, хил дамнасан зорчих хөдөлгөөн, бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтэд хүндрэл, хязгаарлалт учруулсан хэвээр байна. Энэ амаргүй цаг үед манай хоёр улсын ард түмэн, Засгийн газар харилцан бие биеэ дэмжиж, улс хоорондын харилцаанд жишиг болохуйц байдлаар хамтран ажиллаж буйг тэмдэглэхэд таатай байна" хэмээн онцоллоо. БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Байма Чилинь хэлэхдээ, "Хоёр улсын хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах нь хоёр улсын харилцаанд чухал үүрэгтэй. Энэ зорилгод байнгын уулзалтын энэ механизм чухал ач холбогдолтой юм. Хятадын гадаад бодлогод Хятад, Монгол, Орос гурван улсын харилцаа чухал байр суурийг эзэлдэг тул харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийг бид зорилгоо болгодог. Энэ харилцаа бүс нутаг болон олон улсын тавцанд ч харилцан дэмжлэг үзүүлэх зарчмаар амжилттай өрнөнө гэдэгт итгэлтэй байна. Манай хоёр орны найрсаг хамтын ажиллагаа цар тахлын хүнд цаг үед улам ойр нягт байж, нэг нэгэндээ халуун сэтгэлээр тусалж байна. Хоёр улсын худалдааны эргэлт энэ онд нэмэгдэж, оны эхний 9 сарын байдлаар 7.0 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оныхоос 46.5 хувиар өсжээ. Хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрүүд ч амжилттай үргэлжилж байна. Хоёр улсын хамтын ажиллагааг боловсрол, эрүүл мэнд, орон нутаг, иргэд хооронд гүнзгийрүүлэх нь чухал юм. Тиймээс хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, бүх салбарын харилцаа, хамтын ажиллагаанд таатай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх нь бидний хамтын зорилго байх болно" гэлээ. “Ковид-19” цар тахлаас үүдэн Монгол, Хятадын парламентын байнгын механизмын уулзалтыг хоёр дахь удаагаа цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа юм. Уулзалт 4 үндсэн сэдвээр өрнөж, Монголын парламентын засаглал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар УИХ-ын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Хятадын үндэстний бодлого сэдвээр БХАТИХ-ын Үндэстний хорооны дэд дарга Данжу Анбан, ядуурлыг бууруулах, ойжуулах ажлын хэрэгжилтийн талаар УИХ-ын гишүүн, УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун, БХАТИХ-ын Хөдөө аж ахуй, хөдөө нутгийн хорооны дэд дарга Цай Фан, цар тахлын эсрэг хамтын ажиллагааны сэдвээр УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, БХАТИХ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёл, эрүүл мэндийн хорооны дэд дарга Вү Хэн, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр УИХ-ын гишүүн, УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, БХАТИХ-ын Санхүү, эдийн засгийн хорооны гишүүн Жоу Сүнхэ нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Энэ удаагийн уулзалтаар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг улам идэвхжүүлэх, хамтын ажиллагааг цар тахлын нөхцөл байдалд хэвийн явуулах шинэ боломжуудыг эрэлхийлэх, хоёр улсын парламентаас өөрийн улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг тогтвортой урагшлуулахад шаардлагатай эрх зүйн үндсийг бүрдүүлэх зэрэг асуудлуудаар дэлгэрэнгүй санал солилцож, тодорхой ойлголцолд хүрэв.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     63    0