Тогтвортой санхүүжилтийн хүрээнд “Ногоон бонд” гаргана

Монголын "Тогтвортой санхүүгийн форум-2021” “Эерэг өөрчлөлтийг санхүүжүүлье” урианд дор боллоо. Уулзалтаар манай улс дэлхийн хэмжээнд “Ногоон таксономи”-г анхлан баталсан цөөн орны нэг болсныг онцлов. Одоо харин Тогтвортой санхүүжилтийн гол зарчим түүнийг нийгэмд хүртээмжтэй нэвтрүүлж хэрэгжүүлэх талаар хэлэлцэв. “Ногоон таксономи” гэдэг нь бизнес-санхүүгийн байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааны ангилал, тодорхойлолт, шалгуур үзүүлэлтүүд юм. Банк, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагч нар болон бодлого боловсруулагчид таксономийг ногоон зээл, ногоон хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрийг тодорхойлохдоо ашигладаг. Ногоон таксономи нь аль нэг салбараар хязгаарлагдахгүй, бизнесийн бүхий л салбарыг хамаарах шалгуур үзүүлэлт юм “Ногоон таксономи”-д сэргээгдэх эрчим хүч, бохирдол багатай эрчим хүч үйлдвэрлэх, бохирдлоос сэргийлэх, бууруулах үйл ажиллагаа, эрчим хүчийг хэмнэх, ногоон барилга барих, ус, хаягдлын тогтвортой хэрэглээг нэвтрүүлэх, тогтвортой ХАА, газар ашиглалт, ой болон эко аялал жуулчлал, карбон бага ялгаруулдаг тээвэр зэргийг амьрдалд хэрэгжүүлэх байдал ордог. Дээрх зарчмыг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс 2019 онд баталсан юм. Сүүлийн жилүүдэд олон улсын санхүүгийн зах зээлд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сөрөг нөлөөг бууруулах, эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлэх, хог хаягдлыг үр ашигтайгаар шийдвэрлэх, дэвшилтэт технологийг ашиглах замаар ногоон санхүүжилтийг дэмжих, ААН-үүдээс ч “Ногоон бонд” гаргах явдал ихэссэн. Үүнтэй холбогдуулж СЗХ компанийн бондын бүртгэлийн зохицуулалтад өөрчлөлт оруулж дотоодын ААН-үүдээс шинэ бүтээгдэхүүн болох “Ногоон бонд”-ыг гаргах зохицуулалтыг шинээр тусгасныг өнөөдрийн форумаар тодотгов. Форумын үеэр Монгол Улсын санхүүгийн салбар, хөрөнгийн зах зээлийг тогтвортой, ногоон хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан хөгжүүлэх, тогтвортой санхүүжилтийг дэмжих чиглэлд хамтран ажиллах, олон улсын стандартыг нэвтрүүлэх, хариуцлагатай хөрөнгө оруулалт, тогтвортой бизнесийн үйл ажиллагааг бэхжүүлэх зорилгоор СЗХ, Монголын Тогтвортой санхүүжилтийн хөгжлийн холбоо харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Форумын хүрээнд Монголбанк, ТоС холбоо, ОУСК хамтран “Санхүүгийн салбарт уур амьсгалын эрсдэлийг үнэлэх нь” сэдэвт салбар хэлэлцүүлгийг цахимаар зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр Дэлхийн банк, ОУСК-ийн холбогдох мэргэжилтнүүд “Санхүүгийн салбарт уур амьсгалын эрсдэлийг үнэлэх нь” сэдвийн хүрээнд зохицуулагч байгууллага болон санхүүгийн байгууллагуудын анхаарах зүйлс сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэв. Монголбанк уур амьсгалын өөрчлөлт, түүний санхүү, эдийн засгийн салбарт нөлөөлөх нөлөөллийн талаар холбогдох судалгааг хийж, төрийн бусад байгууллагуудтай хамтран ажиллах талаар салбар хэлэлцүүлгийн үеэр мэдээллээ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     73    0