Энэтхэгийн төлөөлөгчид “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-д зочлов

Монгол Улсад айлчилж буй БНЭУ-ын Гадаад хэргийн дэд сайд, Ражкумар Ранжан Сингх БНЭУ-ын ГХЯ-ны Зүүн Ази хариуцсан захирал Навин Сривастава, Зөвлөх Рупжоти Брахма Каржи нар “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-д зочиллоо. Уулзалтын үеэр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, Газрын Тос Боловсруулах Үйлдвэр байгуулах төслийн менежментийн зөвлөх “Инженерс Индиа Лимитед” компанийн Монгол дахь төлөөлөгч Маду Сингх, төслийн эхний шатны бүтээн байгуулалтын ерөнхий гүйцэтгэгч “Жей Эм Си Прожекст Индиа” компанийн Монгол дахь төлөөний газрын дарга Индивар Шарма нар төслийн явц, хамтын ажиллагааны талаар танилцуулав. “Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт амжилттай үргэлжилж байгаа мэдээлэл авсан. Дэлхий нийтэд тулгамдаад буй цар тахлын хүнд цаг үед төсөл зогсолтгүй үргэлжилж байгааг харахад таатай байна. Цаашид бусад багц ажлын сонгон шалгаруулалт хурдан хугацаанд дуусаж, бүтээн байгуулалт товлосон цаг хугацаандаа эхэлнэ гэдэг итгэлтэй байна. Ялангуяа үйлдвэр ашиглалтад орохоос 6 сарын өмнө бэлэн болсон байх ёстой түүхий тос дамжуулах хоолой барих ажил анхаарал татаж байна. Ерөнхий гүйцэтгэгчийн урьдчилсан сонгон шалгаруулалт дуусаж, тендер үнэлгээний түвшинд байгааг дуулсан” гэж ноён Р.Р.Сингх УУХҮ-ийн сайд Г.Ёндон, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг нартай уулзах үеэрээ онцлов. Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импорт банк хооронд 2016 оны 4 дүгээр сард “Зээлийн ерөнхий хэлэлцээр” байгуулж, 2017 оны 5 сард УИХ-аар уг хэлэлцээрийг соёрхон баталснаар БНЭУ-ын 1,2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр манай улс Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах эрхзүйн орчин бүрдсэн билээ. Төслийн нарийвчилсан ТЭЗҮ-ийг боловсруулсан “Инженерс Индиа Лимитед” компанийн мэргэжилтэн, удирдлагууд 2017 оны 6 сард Монголд анх ирж ажлын цар хүрээ, төлөвлөгөөг хэлэлцэж эхэлсэн үеэс газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл эхэлсэн юм. Энэ төсөл одоогор Монгол-Энэтхэгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хамгийн том бэлгэ тэмдэг, чухал хэлхээ холбоо болон хөгжиж байгаа. Өнгөрсөн 4 жилд хоёр орны төр засгийн түвшинд олон тооны харилцан айлчлал, уулзалтууд зохион байгуулж ирсний гол сэдэв нь Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл байсан юм.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     65    0