Мэдээллийн технологийн боловсрол, Аутсорсингийн төв 2023 онд ашиглалтад орно

БНЭУ-ын Гадаад харилцааны сайд Др.Ражкумар Ранжан Сингх Монгол Улсад энэ сарын 23-26-нд ажлын айлчлал хийж байна. Энэ хүрээнд хоёр орны боловсролын салбарт хамтран хэрэгжүүлж буй төсөл болох БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд БЗД-ийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж буй Атал Бахари Важпайн нэрэмжит Мэдээллийн технологийн боловсрол, Аутсорсингийн төвийн барилгын ажлын явцтай танилцлаа. Төслийн дагуу 864 ам дөрвөлжин метр талбай бүхий 10 давхар барилга барих бөгөөд нэг удаад 1800 инженер техникийн ажилтныг сургах хүчин чадалтай төв бий болох юм. Уг төв ашиглалтад орсноор олон улсын түвшинд үнэлэгдэхүйц мэргэжлийн өндөр ур чадвартай мэдээллийн технологийн мэргэжилтнүүд бэлтгэж, гадаад аутсорсингийг хөгжүүлэх олон талын ач холбогдолтой юм. БШУ-ны дэд сайд Г. Ганбаяр төслийн барилгын ажилд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлээд, төслийн зөвлөх үйлчилгээний WAPCOS Limited компанид Монгол Улсын хуулийн хүрээнд ажиллахыг анхаарууллаа. БНЭУ-ын Гадаад харилцааны сайд уг төсөлд онцгой анхаарч ажиллахаа мэдэгдэж, Монгол Улсын МХХТ-ийн чиглэлийн багш нарыг БНЭУ-д давтан сургах чиглэлээр хамтран ажиллах боломжийг нээнэ гэдгээ илэрхийлсэн юм.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     76    0