"Алтайн Хүдэр" ХХК-д аймгийн Засаг дарга шаардлага хүргүүлэв

Говь-Алтай: “Алтайн хүдэр” ХХК-тай байгуулсан гэрээний биелэлт хангалтгүй байгаа тул Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар албан бичиг хүргүүллээ. Аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар 2014 онд аймгийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд Цээл сумын нутаг дэвсгэрт байрлах Таяннуурын төмрийн хүдрийн орд болох 169 га талбай бүхий 13527А, 15377А ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Алтайн хүдэр” ХХК-тай хамтран ажиллах гэрээг үзэглэж, хэд хэдэн шаардлагыг биелүүлж ажиллахыг гэрээнд тусгасан байдаг. Гэвч тус компани нь гэрээний үүргээ биелүүлэх, орон нутагтай хамтран ажиллах талаар нутгийн захиргааны байгууллага, төрийн бус байгууллага, малчид, иргэдээс удаа дараа ирж буй шаардлага, гомдол, саналыг үл ойшоож, аргацаах байдлаар өдийг хүрсэн нь гэрээний биелэлт тун хангалтгүй байгаагаас харагдаж байгаа юм. Иймд 15 жил орон нутагт үйл ажиллагаа явуулахдаа нийгмийн хариуцлагаа үл ухамсарлаж, гэрээний хэрэгжилтийг хангахгүй байгаа "Алтайн Хүдэр" ХХК-д аймгийн Засаг дарга дараах шаардлагуудыг хүргүүллээ хэмээн ЗДТГ-аас мэдээлэв. Шаардлагад: -2014 оны гэрээг 2021 оны 12 дугаар сарын 10-ны дотор дүгнэх -Нийгмийн хариуцлагын гэрээг шинэчлэн байгуулах -Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгах ажлуудыг үүссэн нөхцөл байдалтай холбон тодотгох -2022-2023 онд 163 км замыг бүрэн барьж ашиглалтанд оруулах -Цээл сумыг иж бүрэн дэд бүтцэд холбох -“Шинэ Цээл” арга хэмжээг дуусгах -Алтай сумыг өндөр хүчдэлтэй холбох Уг шаардлагыг биелүүлээгүй, хамтарч ажиллах талаар тодорхой арга хэмжээ аваагүй тохиолдолд Монгол улсын холбогдох хууль тогтоомжийг үндэслэн дараагийн шатны зохицуулалтыг хэрэгжүүлж, улмаар уурхай ашиглах тусгай зөвшөөрлийг цуцлах асуудлыг холбогдох байгууллагат уламжлан, тээвэрлэлт, үйл ажиллагааг зогсоох хүртэлх арга хэмжээ авахыг албан бичигт онцгойлон анхааруулсан байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     67    0