Ажилтан албан хаагчдын эрүүл мэндэд анхаарч, дархлааг нь дэмжихийг үүрэг болгов

Архангай аймгийн “Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн” сар бүрийн 25-ны өдөр зохион байгуулагддаг. Хуваарийн дагуу ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газрын удирдлагууд тухайн сарын хэрэгжүүлсэн ажил, тайлан мэдээгээ танилцуулсан байна. Аймгийн Засаг даргаас удирдах ажилтнуудад -Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, вакцинжуулалтыг нэмэгдүүлэх, -Ажилтан, албан хаагчдынхаа эрүүл мэндийг анхаарах, байгууллагын дотоод журмын дагуу дархлаажуулалтыг дэмжих, амин дэмээр хангах, -Оны эцсийн тайлан мэдээгээ хугацаанд нь өгөх зэрэг үүрэг, чиглэл өгөв. Ерөнхий сайдын аймгийн удирдлагуудад өгсөн үүрэг даалгаврыг орон нутагт шат дараатай хэрэгжүүлэх хүрээнд ирэх оны ажлын төлөвлөгөөнд тусгах онцлог ажлуудыг танилцуулжээ. Үүнд: - Цахим шилжилтийг эрчимжүүлэх, -Архангай аймаг 20 сая мод тарихтай холбогдуулан төрийн байгууллага бүр идэвхи санаачилгатай оролцох, -Хог хаягдлын менежментийг сайжруулах аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд үр дүнг үнэлэхүйц, тодорхой ажлуудыг төлөвлөгөөндөө тусгахыг анхааруулжээ. Аймгийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнийг зохион байгуулдаг болсноор хугацаатай бичгийн хариу ирүүлэх, үүрэг даалгавар, тогтоол шийдвэрийн биелэлтийг хэрэгжүүлэхдээ төрийн байгууллагууд хариуцлагатай болсныг Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Б.Лхагвасүрэн хэлж байлаа.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     71    0