Монгол Улсын нэгдсэн эрүүгийн эрх зүйн олон улсын гэрээний хэрэгжилтийг танилцуулав

НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба, Хүний эрхийн дээд комиссарын газар, Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн албатай хамтран “Эрүүгийн шударга ёсны асуудлаарх Төв Азийн мэргэжилтнүүдийн 8 дугаар уулзалт”-ыг энэ сарын 24-25-нд Узбекистан Улсын Ташкент хотноо зохион байгуулж байна. Энэхүү уулзалт нь эрүүгийн эрх зүйн салбарт бодлого боловсруулах, шинэчлэл хийх зорилгоор шүүхийн шинэтгэл, хүний эрх, түүний дотор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шударгаар шүүх эрх, үндэсний хууль тогтоомжийг олон улсын стандартад нийцүүлэх зэрэг асуудлаар харилцан туршлага, мэдээлэл солилцох зорилготой юм. Уулзалтын эхний өдөр монголын талын оролцогчдыг төлөөлж ГХЯ-ны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал С.Сүхболд Монгол Улсын нэгдсэн эрүүгийн эрх зүйн чиглэлийн олон улсын гэрээний хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулав. Түүнчлэн олон улсын онц ноцтой гэмт хэргүүд болох хүн төрөлхтний эсрэг болон дайны гэмт хэргийн асуудлаар эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай олон улсын конвенц байгуулах санаачилгыг Монгол Улс дэмжиж байгааг тэрээр онцлов. Уулзалтын 2 дахь өдөр Шударга шүүхийн талаарх салбар хэлэлцүүлэгт Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн Монгол Улс дахь эрүүгийн эрх зүйн болон шүүхийн шинэтгэлийн талаар илтгэл хэлэлцүүлнэ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улсын ерөнхий прокурорын газар, Дотоод хэргийн их сургуулийн төлөөлөгчид ажиллаж байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     67    0