Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлнэ

Төв: Аймгийн ИТХ-аас “Дэлхийн зөн” олон улсын байгууллагатай хамтран “Хамтын ажиллагаа” сэдвийн дор төрийн бус байгууллагуудтай зөвлөгөөн зохион байгууллаа. Зөвлөгөөний зорилго нь төр болон иргэний нийгмийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах, төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх, иргэдийн нийгэм дэх оролцоог дээшлүүлэх юм. Өнөөдрийн байдлаар Төв аймагт албан ёсны бүртгэлтэй 300-гаад төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод үйл ажиллагаагаа явуулж байгаагаас идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 70 орчим байгууллага байна. Тэдгээрийг төлөөлж нийгэмд үйлчилдэг 35 Төрийн бус байгууллага өнөөдрийн зөвлөгөөнд оролцлоо. Зөвлөгөөнийг нээж ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн хэлсэн үгэндээ “Хэдийгээр төрийн бус байгууллагууд олноор байгуулагдан гишүүн элсэгчдийн тоо өссөөр байгаа боловч олонх нь шинэ тутам байгуулагдсан, бэхжиж чадаагүй, үйл ажиллагаа явуулахад хөрөнгө санхүү, туршлага дутах тохиолдол их байгааг харгалзан энэ чиглэлээр дэмжлэг үзүүлэхэд бид цаашид анхаарал хандуулах болно” гэдгийг дурдлаа. Зөвлөгөөнөөр “Төсөл хэрхэн бичих, амжилттай хэрэгжүүлэх арга зүй”, “ТББ тогтвортой үйл ажиллагаа явуулах арга зүй”, “ОУ-ын төсөл хөтөлбөр, гадаад зээл тусламжид хэрхэн хамрагдах, бизнесийн зөвлөгөө” зэрэг сургалтууд багтсан ба зөвлөгөөнд оролцогчдоос цаашид хамтран ажиллах уриалгын төслийг батлах юм. Мөн "Дэлхийн зөн" ОУ-ын байгууллагаас “ТББ-ын чадамжийн үнэлгээ” хийж үр дүнг танилцууллаа. Зөвлөгөөнд оролцогчдын хувьд төр болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, засаж сайжруулах санаачилга, уриалгыг гаргасан юм.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     74    0