Шийдвэр гаргах үйл ажиллагаанд жендэрийн эрх тэгш байдлыг хангах зарчмыг хуульчилна

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, НҮБ-ын Хөгжлийн сан, БНСУ-ын “КОЙКА” Олон улсын хамтын ажиллагааны агентлаг хамтран өнөөдөр “Улс төрийн санхүүжилт ба эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо: БНСУ-ын туршлагаас суралцах нь” хэлэлцүүлгийг танхим болон цахимаар зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Ж.Мөнхбат, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ц.Мөнхцэцэг, Б.Баттөмөр, Д.Цогтбаатар, УИХ-ын даргын ахлах зөвлөх Ц.Цогзолмаа, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн М.Конкиевич болон улс төрийн намуудын төлөөлөл, судлаачид оролцов. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат “Монгол Улс хүний эрх, эрх чөлөө, тэгш байдал, шударга ёс гэсэн хүн төрөлхтний тулгуур үнэт зүйлийг эрхэмлэн дээдлэх үзэл санаагаа үндсэн хуульдаа тунхаглаж хүмүүний иргэний ардчилсан нийгмийг цогцлоох, хөгжүүлэхийг зорьж байгаа. Улс орныхоо онцлогт нийцүүлж үндсэн хуульдаа шингээсэн энэхүү нэн чухал үзэл санааг бодитоор хэрэгжүүлэхэд бидний өмнө тулгарч буй олон асуудлуудын нэг нь улс төрийн санхүүжилт, эмэгтэйчүүдийн оролцоог шийдвэр гаргах түвшинд нэмэх асуудлууд юм. Зөвхөн манай улс ч гэлтгүй дэлхийн олон улсууд жендэрийн тэгш байдлын асуудал дээр анхаарал хандуулж байна. Манай улсын эмэгтэйчүүдийн хүний хөгжлийн индекс эрэгтэйчүүдээсээ өндөр. Түүнчлэн 25-аас дээш насны эмэгтэйчүүдийн 91.2 хувь нь дундаас дээш боловсрол эзэмшсэн байна. Хэдийгээр эмэгтэйчүүдийн боловсролын түвшин өндөр, эрүүл мэндийн үзүүлэлтүүд сайжирсан зэрэг ахиц гарч байгаа ч хөдөлмөр эрхлэлт, шийдвэр гаргах түвшний жендэрийн ялгаа байгааг үгүйсгэж болохгүй. Түүнчлэн улс төрийн намын тухай болон Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төсөл боловсруулж, өргөн барихад бэлэн болоод байгаа. Намын санхүүжилтийн эх үүсвэр, түүний зарцуулалт, тайлан олон нийтэд ил тод байх эрх зүйн зохицуулалт хангалтгүй байна. Тиймээс улс төрийн намын дотоод ардчилал хумигдах, тэгш байдлыг хангахад сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж олон улсын байгууллагууд дүгнэж байгаа. Цаашдаа бид сонгодог парламентын засаглалыг төгөлдөржүүлэх шаардлага байгаа” хэмээн онцлов. Үүний дараа УИХ-ын гишүүн, хуулийн төсөл боловсруулах ажлын багийн ахлагч Ц.Мөнхцэцэг “Монгол Улсын Улс төрийн намын тухай хуулийн төсөл болон эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо” сэдвээр тавьсан илтгэлдээ “1992 оны Үндсэн хуульд нийцүүлэн "Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай" хуулийг 2011 онд батлан хэрэгжүүлж эхэлсэн. УИХ болон орон нутгийн сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуульд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх квот тусгаж өгсөн. Хууль эрх зүйн хувьд олон сайн зохицуулалт, хэм хэмжээг тусгаж өгсөн хэдий ч хууль хэрэгжүүлэх тал дээр цаашид анхаарах олон асуудал бий. Жишээлбэл, улс төрийн намын гишүүдийн 50 гаруй хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг ч шийдвэр гаргах түвшний буюу УИХ, Засгийн газар, ИТХ, улс төрийн намын удирдлагад тэдний төлөөлөл хангалтгүй байгаа. Иймд Монгол дахь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог сайжруулахдаа төрөөс Улс төрийн намд олгох санхүүжилтийн тодорхой хэсгийг эмэгтэй улс төрчдийг бэлтгэх, сургах ажилд зарцуулахаар хуульд тусгах нь зүйтэй. Мөн намын бүтэц, шийдвэр гаргах үйл ажиллагаанд жендэрийн эрх тэгш байдлыг хангах зарчмыг хуульчилна. Үүгээр зогсохгүй эмэгтэйчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн УИХ дахь төлөөллийг нэмэгдүүлэхийн тулд төрийн санхүүжилтийн тодорхой хувийг энэхүү зорилтот бүлэг рүү чиглүүлэх зарчмын өөрчлөлтүүдийг тусгасан” гэдгийг тодотгож байлаа. Мөн Үндэсний Ассемблейн Хууль судалгааны газрын судлаач Ли Жон Жин “БНСУ-ын Сонгуулийн тухай хууль ба Улс төрийн санхүүжилтийн тухай хууль” сэдвээр, Эмэгтэйчүүд, улс төр төвийн захирал: Эмэгтэйчүүдийн намын дарга асан Ким Ын Жү, “БНСУ-ын Эмэгтэй улс төрчдийг дэмжих зорилго бүхий төрөөс олгох санхүүжилтийн өнөөгийн байдал ба тулгамдаж буй асуудлууд” сэдвээр илтгэл тавилаа. Мөн "Эмэгтэйчүүдийн бодлогын судалгааны төвийн судлаач, Олон улсын хөгжил, хамтын ажиллагааны төвийн судлаач Юүн Жи Су “БНСУ-ын Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжих тогтолцоог сайжруулах” сэдвээр иилтгэл тавив.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     55    0