Том оврын ачааны автомашины жолоочдыг ОХУ-ын хилээр нэвтрүүлэх журмыг боловсруулж байна

Сэлэнгэ Аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаан энэ сарын 13-ны орой болж ЭМГ болон Сүхбаатар сумын Ковидын нөхцөл байдлын мэдээллийг сонслоо. Сүүлийн өдрүүдэд цар тахлын эрчим харьцангуй буурч байгаа сайн мэдээтэй байна. -Өмнөх хуралдаанаас аймгийн Онцгой комиссын даргын өгсөн үүрэг даалгаврын дагуу ажилласан ажлын хэсгийн ахлагч АЗДТГ-ын НБХ-ийн дарга Б.Энхбат аймгийн хэмжээнд коронавирусийн халдварын хөнгөн хэлбэрийг гэрээр эмчлэх эмийн багцад хийсэн хяналт судалгааны мэдээллийг танилцууллаа. Сэлэнгэ аймаг 2021 оны 8 дугаар сарын 06-ний өдрөөс эхлэн хөнгөн хэлбэрийн өвчтнүүдээ гэрээр эмчилж эхэлсэн. Гэрээр эмчлэгдэж байгаа нэг иргэнд олгож байгаа санхүүжилтийн үндсэн эмчилгээний багцыг 85.000 төгрөгөөр, үйлчилгээний зардлыг 75.000 төгрөгөөр тогтоох саналыг танилцууллаа. Эмчилгээний багц нь эмчлэгдэх үеийн болон эмчилгээний дараа нөхөн сэргээх гэсэн хоёр хэсгээс бүрдэхээр тооцож эмийн багцын эмийн нэр төрөл, тун хэмжээ, бөөний үнэ, үйлчилгээний төрлийг хавсралтаар гаргасан ажэ. Аймгийн Засаг даргын зүгээс иргэдийн сэтгэл ханамж хамгийн чухал гэдгийг онцгойлон тэмдэглэж сэргээн засах багц нь тухайн хүний онцлогт тохирсон эм бэлдмэлээс бүрдсэн байвал сайн байна. Хүн хүний бие, суурь өвчлөл өөр өөр шүү хэмээн хэллээ. Ажлын хэсгийн саналыг хэлэлцээд аймгийн төв Сүхбаатар сум алслагдсан баг цөөтэй учир тус сумын хувьд арай өөр хувилбар гаргаж танилцуулахыг аймгийн Онцгой комиссын дарга үүрэг болголоо. -Энэ удаагийн хурлаар яригдсан бас нэг гол асуудал бол УОК-ын даргыг Сэлэнгэ аймагт ирэхэд тавьсан том оврын ачааны автомашины жолоочдыг ОХУ-ын хилээр нэвтрүүлэх асуудлыг УОК-оос зөвшөөрсөн явдал байв. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил “Энэ бол бидэнд ашиг тустай, аж ахуйн нэгж, иргэдэд хэрэгтэй шийдвэр. Үнийн өсөлт, бараа материалын хомсдолоо ч бодсон, аж ахуйн нэгжүүдийнхээ ашиг орлогыг ч бодсон хаа хаанаа хэрэгтэй шийдвэр гэж харж байна. Харин одоо бүгдээрээ хэрхэн жолооч нараа нэвтрүүлэх журмаа бодит нөхцөл байдал, суурь түвшин дээрээ үндэслэн хэлэлцэн боловсруулаад УОК-т саналаа хүргүүлье” хэмээв. Ийнхүү АОК-ын гишүүд журам боловсруулалтыг шөнөөр дөлөөр сууж боловсруулахаар тохиролцон хурал завсарлалаа. -Мөн аймгийн Онцгой комиссын даргаас баар, караоке, сүм хийд, христийн сүм гэх мэт үйлчилгээний байгууллагуудтай “Хариуцлагын гэрээ” байгуулан, мэргэжлийн байгууллагуудын шаардлагыг хангасан байдлыг харгалзан үйл ажиллагааг нь нээхийг зөвшөөрлөө. Ингэхдээ Сүхбаатар сумын Засаг даргад үйлчилгээний байгууллагуудтайгаа уулзаж тавигдах шаардлагаа нарийвчлан ярилцаж, хариуцлагатай ажиллахыг үүрэг болголоо. Мөн хуралдааны үеэр иргэдэд дархлаажуулалтын ажлыг нарийн ойлгуулах ажлыг сурталчлах хэрэгтэй гэлээ. Тэрээр Дархлаажуулалтын вакцин нь таныг өвчин тусахаас 100 хувь хамгаалж чадахгүй ч хөнгөн өвдөх, нас баралтаас сэргийлэх үндсэн үүрэгтэй гэдгийг анхааруулах хэрэгтэй гэв. 3-р тунгийн нэмэлт дархлаажуулалт өрхийн эмнэлгүүдээр хийгдэж байгаа аж. Иймээс иргэд та бүхнийг харъяа өрхийн эмнэлэг дээрээ очиж хамрагдахыг уриалж байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     37    0