Ц. Ууганцэцэг: Японд сэтгэл гарган үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хүндэтгэлтэйгээр хэрэглэгчдийн гарт хүргэхээр хичээн ажиллаж байна

Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулав “Япон, Монголын бизнес харилцааг идэвхжүүлэх нь” цуврал II Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг Япон Улсын Элчин сайдын яамтай хамтран “Япон, Монголын бизнес харилцааг идэвхжүүлэх нь” сэдвээр шинэ контент санаачлан хоёр орны бизнесийн салбарт амжилттай ажиллаж буй залуу бизнес эрхлэгчдийг танилцуулж байгаа билээ. Энэ удаад сайн чанарын япон бүтээгдэхүүнийг Монголд импортлон худалдаж буй “Абико” компанийн захирал Цэндийн Ууганцэцэгийг урин ярилцлаа. “Хамтдаа хөгжье” уриатай тус компани нь 2011 онд байгуулагдаж, Японы эрүүл ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Дай-о, хүнсний бүтээгдэхүүний Kагомэ, Эс Би, эрүүл мэндийн бүтээгдэхүүний Пип, нялх хүүхдийн бүтээгдэхүүний Пижон компанийн албан ёсны борлуулагчаар ажиллаж байна. Японы чанартай бүтээгдэхүүнээр дамжуулан япон соёл, сэтгэлгээг Монголд түгээн дэлгэрүүлж буй “Абико” компани цар тахлын хүнд үед ч борлуулалтаа өсгөж байна. Нэрийн барааны 5 дэлгүүр, 7 франчайз дэлгүүрээс эхлээд 1000 гаруй дэмжигчийн хамтаар үйлчлүүлэгч нэг бүрийнхээ аз жаргалыг дээдлэн ажиллаж байна. Элчин сайд Х.Кобаяши: Японд суралцахаар шийдсэн шалтгаан тань юу вэ? Ц.Ууганцэцэг: Японы олон ангит кино “Ошин”-ыг үзээд маш их сэтгэл хөдөлсөн маань Япон улсыг ихээхэн сонирхох шалтгаан болсон. Бяцхан Ошин хүнийг хайрлах сэтгэл, бэрхшээлийг даван туулах хүчээр бүхий л зүйлийг өөдрөгөөр харж хичээнгүйлэн хөдөлмөрлөж байгааг үзээд үнэхээр биширсэн. Ошин шиг хүчтэй, үргэлж гэрэлтэж байдаг эмэгтэй болох юмсан гэж бодож явсан маань биелж Японд сурч чадсан. Элчин сайд Х.Кобаяши: Японд Ошин шиг хүнд бэрх амьдрал туулах нь муухай гэж бодогдоогүй нь яамай даа (инээв). “Ошин” кинонд эмэгтэй бизнес эрхлэгчийн тухай өгүүлдэг ч Ууганцэцэг захирал та ч бас эх орондоо ирээд “Абико” компанийг байгуулж амжилттай ажиллаж байна. “Абико” гэдэг нэрийн тухайд танилцуулна уу. Мөн компанийнхаа үйл ажиллагаа, зорилгын талаар хуваалцана уу? Ц.Ууганцэцэг: Абико бол Японы газрын нэр“Абико”-гоос гаралтай үг биш юм л даа. Компанийн маань нэр олон утга агуулсан үүсмэл үг. Анх “Сони” группийн үүсгэн байгуулагчдын нэг, ноён Морита Акиогийн компанидаа нэр өгөх үеийн түүхийг уншиж байсан удаатай. “Сони” гэдэг нь дуу гэсэн утгатай латин хэлний “Сонус”, хүү гэсэн утгатай англи хэлний “Сонни” гэсэн хоёр үгнээс гаралтай үүсмэл үг байсан. “Абико” бол латинаар “даруу төлөв” гэсэн утгатай бөгөөд компанийн хувьд даруу байдлыг үргэлж эрхэмлэнэ гэсэн санааг агуулдаг. Мөн үйлчлүүлэгч, ажилчид, хамтрагчид маань амархан дасах нэртэй болъё гэж бодоод ямар ч улсын хүн цээжлэхэд амар үг байхаар цагаан толгойн хамгийн эхний “ABC”-г оролцуулж, үүгээрээ үргэлж тэргүүнд зогсож алхана гэсэн компанийнхаа үзэл санааг төлөөлүүлсэн. Компаниа 2011 онд байгуулсан. Удахгүй 10 жилийн ойгоо угтана. Японы эрүүл ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Дай-о, хүнсний бүтээгдэхүүний Kагомэ, Эс Би, эрүүл мэндийн бүтээгдэхүүний Пип, нялх хүүхдийн бүтээгдэхүүний Пижон компанийн албан ёсны борлуулагчийн хувиар сайн чанарын бүтээгдэхүүн оруулж ирэн худалдаж байна. Манай компанийн зорилго бол чанартай бүтээгдэхүүн, сайн үйлчилгээгээр дамжуулж үйлчлүүлэгчдийн асуудлыг хөнгөвчлөн, аз жаргалыг түгээх юм. Мөн Абикогийн ажилчид бид өдөр бүр хамтдаа хөгжин, уулзсан хүн бүрийг хүндэтгэн угтаж, нийгэмд эерэг нөлөөг түгээдэг компани болон хөгжихийг зорьж байна. Элчин сайд Х.Кобаяши: Өнөөдөр анх удаагаа танай компанийн оффисоор зочиллоо. Залуучууд, ялангуяа эмэгтэй ажилчид олон юм аа. Хүний нөөцийг сайн бүрдүүлж бэлтгэхийн төлөө хэрхэн ажиллаж байна вэ? Ц.Ууганцэцэг: Ажилчдын маань ихэнх нь худалдааны ажилтнаас ажлын гараагаа эхэлж үндсэн ажилтан болдог. Монголд худалдааны ажил эрхлэгчдийн дийлэнх нь эмэгтэйчүүд байдаг. Энэ бол эмэгтэй ажилтан олон байгаагийн нэг шалтгаан. Эмэгтэй ажилчдын дундаас тасгийн дарга хүртлээ дэвшсэн хүн ч бий. Дээр хэлсэнчлэн хамтдаа өсөж дэвжих бол компанийн маань нэг зорилго тул удирдлагын хувиар энэ зорилгоо биелүүлэх орчныг бүрдүүлэхийн төлөө өдөр тутам хичээн ажиллаж байна. Мөн бидний оруулж ирдэг хүүхдийн бүтээгдэхүүн гайхалтай сайн байсан, олон олон хүүхэд заавал хэрэглээсэй гэх хүслээр манай компанид орохыг эрмэлздэг эмэгтэйчүүд байгаа нь эмэгтэй ажилчид олон болохын нэг шалтгаан гэж бодож байна. Хүн ажилд авахдаа мэргэжилдээ хэр сайн бэ гэхээс илүү өөдрөг сэтгэл, өсөн дэвжих хүсэл эрмэлзлийг нь чухалчилдаг. Өөдрөг сэтгэл бол өөрийгөө гэрэлтүүлээд зогсохгүй эргэн тойрондоо гэрэл гэгээ түгээдэг гэж боддог. Мөн өсөн дэвжих эрмэлзэлтэй хүн бол сургуульд сурахгүй байсан ч хурдан өсөж бусад ажилчдад урам зориг өгч, сайнаар нөлөөлж чаддаг гэж бодож байна. Хүний нөөцөө бэлтгэх тухайд сар бүр сургалт явуулж ажилтан бүрийн чадварыг 100 хувь нээн илрүүлж, ирээдүйд улам гялалзах, өөртөө хөрөнгө оруулах боломжтой орчинг бүрдүүлэх нь миний хамгийн чухал ажил юм. Ажилчид маань аз жаргалтайгаар ажиллаж чадвал тэдний гэр бүл ч аз жаргалтай болж, мэдээж үйлчлүүлэгчдэдээ ч тийм сэтгэлээр үйлчилгээг хүргэж чадна. Эцсийн дүндээ компанийн бодит амжилт ч сайжирна. Бүхий л амжилт бол ажилчин бүрийн маань сэтгэл хангалуун байдлаас эхэлдэг гэдэгт бат итгэдэг учраас ажилчдаа өсөн дэвжих боломжоор хангах янз бүрийн зүйлийг хэрэгжүүлж байна. Жишээлбэл: Оффис маань ажлын цагаа өөрчлөх боломжтой бөгөөд хагас жилийн өмнөөс 7 цаг 30 минутаас 16 цаг 30 минут болсон. Мэдээж ажилчидтайгаа ярилцаад шийдсэн. Улаанбаатарын өглөөний түгжрэл их болохоор түүнээс өмнө ажилдаа ирээд ажил эхэлсний дараа 30 минут амжилтад туслах уншлагын цагийг гаргаж өгсөн. Ажилчид маань үнэхээр сэтгэл хангалуун байгаа. Ц.Ууганцэцэг: Байгууллага удирдаж буй хүнд юу хэрэгтэй тухайд та юуг зөвлөх вэ? Элчин сайд Х.Кобаяши: Ямар ч чадварлаг хүн байсан ганцаараа хийж чадах зүйл хязгаартай. Гэхдээ байгууллага өөрөө хүн бүрийн чадварыг илүүтэй нээж чадвал томоохон үр дүнд хүрэх болов уу. Өмнөх уулзалтын үеэр АНД Глобал компанийн захирал Б.Хос-Эрдэнэ “Удирдагч хүнд байх ёстой хамгийн чухал зүйл юу вэ” гэж асууж, би “Янз бүрийн асуудлыг шийдэхдээ, нөхцөл байдлыг ойлгох нь хамгийн чухал зүйлсийн нэг” гэж хариулж билээ. Таны асуусан “Байгууллага удирдаж буй хүнд хэрэгтэй зүйл” гэсэн асуултад би өөрийн бодож явдагчлан “Байгууллагыг бүрдүүлж буй хүн бүрийн сайн талыг гаргаж ирэх нь хамгийн чухал зүйлсийн нэг” гэж хариулмаар байна. Элчин сайд Х.Кобаяши: “Абико” компани 2011 оноос хойш үйл ажиллагаагаа эрчимтэйгээр өргөжүүлж томоохон супермаркетуудад бүтээгдэхүүнээ бөөнөөр худалдаж, өдгөө хөдөө орон нутагт ч танигдаж эхэлж байна. Ялангуяа, өнөөг хүртэл монголчууд төдийлөн хэрэглэж дадаагүй ногооны жүүсийг Монголдоо нэвтрүүлсэн нь томоохон амжилт гэж бодож байна. Ногооны жүүс гэвэл Кагомэ гэж боддог монгол хүн ч байдаг бололтой. Ямар ямар маркетинг, стратегийг хэрэгжүүлсэн бэ? Ц.Ууганцэцэг: Намайг Японд сурч байхад аав маань Японд ирсэн юм. Тэр үед аав маань “Кагомэ” жүүсийг уугаад шинэхэн амтыг нь таашааж Монголд энэ ногооны жүүсийг оруулж ирвэл монгол хүний эрүүл мэндэд их хэрэгтэй эд байна гэж хэлсэн нь эхлэл болсон. Үүнээс хойш таван жилийн дараа албан ёсны борлуулагчийн эрхтэйгээр “Кагомэ” жүүсийг Монголд худалдах боломжтой болсон юм. Борлуулж эхэлсэн анхны өдрөөсөө л олон хүний ​​хүнсний ногооны дутагдлыг нөхөж, эрүүл мэндэд нь хувь нэмрээ оруулъя гэж бодож байсан. Ийм өнцгөөс маркетингийн бүх үйл ажиллагаагаа эхлүүлсэн. “Кагомэ” жүүсийг Монголд худалдаж эхлээд удахгүй 8 дахь жилтэйгээ золгох бөгөөд энэ хугацаанд хэд хэдэн удаа борлуулалтаа тэлж чадсан үе бий. Бүгд л бүтээгдэхүүн зарагдахгүй, илүү захиалга хийсэн хүнд үеийн дараа байсан. Ийм бэрхшээлтэй тулгарсан үед ажилчид маань хүчээ нэгтгэн, шинэчлэлийн хурал хийж ямар маркетинг хэрэгжүүлэх, бүтээгдэхүүнийхээ сайн талыг үйлчлүүлэгчдэд хэрхэн тайлбарлах вэ гэдгийг нухацтай ярилцаж үүрэг хариуцлагаа хуваарилан борлуулалтаа сайжруулахаар зүтгэсэн. Энэ хурлын нэр “Үйлчлүүлэгчдийн эрүүл мэндэд хувь нэмэр оруулах Кагомэ жүүс”. Өглөөнөөс орой хүртэл ганцхан маркетингийн төлөвлөгөөг хэлэлцэх үе их байсан. Өнөөг хүртэлх хугацаанд компанийнхаа ажилчдаас хоёр том зүйлийг сурсан. Эхнийх нь бэрхшээлтэй нүүр тулсан ч өөдрөг сэтгэлээр хамтдаа хичээвэл гэрэлт ирээдүй хүлээж байдаг. Дараагийнх нь маркетингийн стратегийг батлахдаа ашгийг эн тэргүүнд тавих бус үйлчлүүлэгчдийнхээ аз жаргалыг бодох явдал юм. Санхүүгийн хувьд хүндрэлтэй тал байсан ч үйлчлүүлэгчдийнхээ аз жаргалыг бодолцсоноор бүтээгдэхүүнийг маань үнэнч хэрэглэх хэрэглэгчдийг олноор татах боломжтой. Элчин сайд Х.Кобаяши: Коронавируст халдварын дэгдэлт танай компанийн бизнест хэрхэн нөлөөлсөн бэ? Бүр эсрэгээрээ буюу “Ковид-19”-ийн дараа эрэлттэй болсон бүтээгдэхүүн бий юу? Ц.Ууганцэцэг: Цар тахал дэгдсэнээс хойш хэсэг хугацаанд борлуулалт бага зэрэг буурсан. Мэдээж энэ байдал удаан үргэлжилбэл компани тогтвортой үргэлжлэх нь эргэлзээтэй байсан учраас 2020 оны төгсгөлд 2021 оныг бүгдийн хүчээр гэгээлэг жил болгох борлуулалтын төлөвлөгөө боловсруулсан. Борлуулалтын зорилгоо өндөрт тавьж хар бараан байдлыг нэг мөр арилгахын тулд гэгээлэг ирээдүй, мөрөөдлийнхөө талаар ярилцаж, хийж чадах зүйлсээ хэрэгжүүлж эхэлсэн. 2021 оны 6-р сарын эхний хагаст хийсэн борлуулалтын дүнг харахад бүх брэндүүдийнхээ борлуулалтын төлөвлөгөөг биелүүлж, “Абико” компани түүхэндээ хамгийн өндөр гүйцэтгэлтэй ажиллалаа. Манай ажилчдын өөдрөг сэтгэл ямар ч нөхцөлд агуу хүч болдгийн баталгаа хэмээн бодож, бүх ажилчин маань нэгэн сэтгэлээр хичээсний үр дүн хэмээн урамшиж байна. Цар тахлын улмаас гэрээсээ ажиллах соёл дэлгэрч гэрийн хоол хийж, хоолоо амтархан идэх хүмүүсийн тоо өссөн. Үүнээс үүдэн амархан хийж болох карри, амт өөрчлөх чинжүүний тос гэх мэт хоолны материалын эрэлт нэмэгдсэн. Элчин сайд Х.Кобаяши: Монголын хэрэглэгчдийн чиг хандлагын талаар та ямар бодолтой явдаг вэ? Японы хэрэглэгчдээс ялгаатай юу? Тэр ялгааг харгалзан япон бүтээгдэхүүний импорт, борлуулалтдаа анхаардаг зүйл бий юу? Ц.Ууганцэцэг: Монголын хэрэглэгчдийн ихэнх нь Японы автомашинаас бусад бүтээгдэхүүний талаар сайн мэддэггүй. Япон явж үзсэн хүн бол тодорхой хэмжээнд япон бүтээгдэхүүний талаар ойлголттой байдаг ч, явж үзээгүй хүн бол огт мэдэхгүй гэхэд хилсдэхгүй болов уу. Монголд шинэ бүтээгдэхүүн танилцуулахдаа уг бүтээгдэхүүнийг хэрэглэхэд хялбар, таатай эсэх, үйлчлүүлэгчдэд тулгарч буй асуудлыг хэрхэн шийдэж буй талаар тайлбарлахад анхаарлаа хандуулдаг. Жишээ нь: Монгол хоолны соёлд төдийлөн танил болоогүй карриг хэрэглэгчдэд танилцуулахдаа карриг амтлах үеийн халуун ногооны амт, аз жаргал түгээхийг чухалчилдаг. Өнөөг хүртэл Монголд хэрэглэж байгаагүй бүтээгдэхүүнийг дэлгэрүүлэх бол манай компанийн үүрэг гэж үзэж энэ дундаас шинэ бүтээгдэхүүнийг дахин дахин хэрэглэх үйлчлүүлэгч нар нэмэгдвэл зүгээр хэмээн боддог. Япон бүтээгдэхүүн маш сайн чанартай болохоор нэг удаа хэрэглэж үзсэн монгол хэрэглэгчдийн дунд амнаас ам дамжин танигдах нь их бөгөөд үр дүнтэй. Япон бүтээгдэхүүний импорт, борлуулалт хийх үед голлон анхаардаг зүйл бол Японд сэтгэл гарган хийж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг “Абико” компанийнхан хүндэтгэлтэйгээр хэрэглэгчдийн гарт хүргэхийг хичээн ажиллаж байна. Элчин сайд Х.Кобаяши: 3.3 сая хүн амтай Монголын зах зээл, Монгол Улсын газарзүйн орчныг харгалзан үзвэл Японы зарим компани экспорт хийх нь эдийн засгийн хувьд үр ашиг багатай гэж үзэж магадгүй. Танай компанийн хувьд харилцагч Японы томоохон компаниудын итгэлийг олохын тулд ямар хүчин чармайлт гаргаж байна вэ? Ц.Ууганцэцэг: Аль ч улсын ямар ч компани байсан харилцан итгэлцэл бол бизнесийн хамгийн чухал зүйл. Хоёр тал аль алиныхаа компанийн зорилгыг хүндэлж, амлалтаа биелүүлснээр итгэлцэл улам батаждаг гэж боддог. Манай компани одоо ч залуу компани хэвээр байгаа тул Японы туршлагатай компаниудаас маш их зүйлийг сурч байна. Японы компаниуд бүтээгдэхүүнээ зараад л болох бус хойноос нь маш их анхаардаг. Борлуулалтын дүн шинжилгээ, маркетингийн төлөвлөгөө, монгол хэрэглэгчдийн хэрэгцээний судалгаа гэх мэт нарийн ширийн зүйл дээр хамтран ажиллаж, зөвлөгөө өгөх тул Японы компанийг түншээ болгож байгаадаа маш их талархдаг. Японд нэрд гарч буй бүтээгдэхүүний цаана бүтээгдэхүүнээ бүтээгч, үйлдвэрлэгч, борлуулагч компаниудын тодорхой үзэл санаа байдаг. Тийм ч учраас үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг олдог гэж ойлгодог. Тиймээс Абикогийн ажилчид бид ч гэсэн тухайн компанийн (брэндийн) зорилгыг сайтар ойлгож, хүндэтгэлтэй ханддаг. Бид Японы компаниудаас суралцан, өдөр бүр бага багаар өсөн дэвжихийг хичээж байна. Элчин сайд Х.Кобаяши: Эмэгтэй захирлын хувиар өнөөг хүртэл япон бүтээгдэхүүнийг Монголд таниулж ирсэн таны ирээдүйн мөрөөдөл юу вэ? Ц.Ууганцэцэг: Цаашид ч гэсэн үйлчлүүлэгчид маань хэрэглээд сэтгэл ханамж авдаг, тулгамдсан асуудлыг нь шийдэж чадах сайн чанартай, олон төрлийн бүтээгдэхүүнийг Монголдоо таниулахыг хүсэж байна. Ц.Ууганцэцэг: Таны хувьд биднээс хүлээж буй зүйл юу байна вэ? Элчин сайд Х.Кобаяши: “Абико” компани чанар сайтай япон бүтээгдэхүүн оруулж ирж байгаа нь монголчуудын Японы тухай ойлголтыг гүнзгийрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна гэж боддог. Хойшдоо ч япончуудын оюун санааны үр дүн болсон олон бүтээгдэхүүнийг Монголд таниулсаар байна хэмээн найдаж байна. Мөн Ууганцэцэг захирал шиг Японыг сайн мэддэг монгол менежерүүд япон түншүүдтэй хамтран Монголын давуу талыг шингээсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, Японы зах зээлд гаргаж чадах аваас япончуудад Монголын талаарх ойлголтыг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ ихээхэн ач тустай гэж үзэж байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     53    0