Ч. Сарангэрэл: Одоо байгаа ногоон байгууламжийг 4 дахин нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байна

Төв :"Зуунмод ногоон хот" аяны талаар Зуунмод сумын Засаг дарга Ч.Сарангэрэлтэй ярилцлаа. -Ногоон байгууламжийн арчлалт, ургалт, хамгаалалтыг хариуцсан тусдаа байгууллага байгаа юу? -Зуунмод сумын хэмжээнд жил бүрийн 4 дүгээр сарын 25-наас 10 дугаар сарын 25-ны хооронд "Зуунмод ногоон хот" аяныг зохион байгуулж байна. Энэ аяны хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбайд мод бут тарих, ногоон байгууламжийн арчлалт хамгаалалтыг сайжруулахаар тус сумын ЗДТГ-аас “Зуунмод цэцэрлэгжүүлэлт” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулахаар тооцоо судалгаа хийж, Зуунмод сумын ИТХ-д өргөн барьж шийдвэр нь гараад байна. Бид энэ асуудлаа дээд шатны байгууллага аймагтаа уламжилсан. Аймаг сангийн яам дэмжвэл 2022 оны 1 дүгээр сарын 1-нээс Зуунмод сумын хэмжээнд ногоон байгууламжийг хариуцсан бие даасан бүтэц ажиллаж эхлэх юм. Энэ байгууллага нь өөрөө арчлалт хамгаалалт, тарьц суулгац бойжуулж үржүүлэх, ногоон байгууламжийн талаар сургалт мэдээлэл, зөвлөгөөг өгч өөрийгөө санхүүжүүлж явах үндсэн чиг үүрэгтэй байгууллага байгаа юм. -Зуунмод хотод үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын нэрэмжит төглүүд байгуулж байгаа харагдсан? -Ард иргэдийн оролцоотой хийх ажил байна. Ирэх хавраас Зуунмод хотын моднуудыг мэргэжлийн байгууллага бий болчихвол хэлбэржүүлэх, засах, чимэглэх ажлуудыг үе шаттай хийнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжиж ногоон байгууламжийн ерөнхий төлөвлөгөөг хийсэн. Энэ нь хотын аль хэсэгт ямар төрлийн ногоон байгууламж байх вэ гэдэг судалгааг гаргасан. Сүүлийн өдрүүдэд тэмдэглэлт ой тохиож байгаа албан байгууллагууд мод тарих хүсэлтүүдийг илгээсээр байна. Үүнд Боловсролын салбарын 100 жилийн ойгоор "Боловсрол 100 төгөл", Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрууд мөн 100 жилийнхээ хүрээнд ногоон байгууламжийн төлөвлөсөн хэсэгт 100 ширхэг мод тарьж төгөл бүтээж байна. Бусад албан байгууллагын хувьд ойн баяраа угтаж мод тарьж, төгөл бүтээх хүсэлтүүд ирж газруудаа заалгаад ажилдаа орцгоож байна. -Өнгөрсөн хавар мод бутны суулгацыг үнэ төлбөртэй худалдаалсан гэсэн өөрчлөлт байна уу? -Эерэг өөрчлөлт ажиглагдаж байна. Энэ жилийн хувьд мод бутны тарьц суулгацыг үнэгүй өгөөгүй. Үнэгүй өгөхөөр иргэд тарьц суулгацдаа хариуцлагагүй хандаад байсан учраас өнгөрсөн хавар 3000 мод бутны суулгацыг төлбөртэй худалдсан. Иргэдийн хувьд өөрийн санхүүгээр мод бут авсан учраас арчлалт, хамгаалалт тал дээр илүү сэтгэлтэй хандаж байгааг харлаа. Мэдээж тухайн үед авч суулгасан мод ургалт сайн харагдаж байсан. Энэ намрын мод тарилтын хувьд "Мерико мод" үржүүлгийн талбайд тарьц суулгацын худалдаа явуулж байна. -Та "Зуунмод ногоон хот" аяны нээлт дээр мод тарих гэхээс илүү ургуулах нь чухал гэж ярьж байсан? -Иргэдийн зүгээс жил бүр мод тарьдаг хэдий ч ургахгүй байгаа асуудлыг хөндөж тавьсан. Ерөнхийлөгчийн санаачмлсан аян, аймгийн Засаг даргын зарласан "Эко Төв аймаг", "Зуунмод ногоон хот" аяны хүрээнд тооноос илүү чанарт анхаарч арчлах, тордох, ургуулах нь зөв юм байна гэсэн шийдэлд хүрсэн. Энэ ажлын хүрээнд Зуунмод сумын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага, айл өрхүүдийн мод бутыг төрөл тус бүрээр нь ялгаж, ангилж ногоон пасспорт олгож байна. Зуунмод хотод 23 мянга орчим мод, бут, сөөг байдаг. Энэ намрын мод тарилтын дараа дахин тооллого явуулж нэгдсэн мэдээллийн санг шинэчлэх юм. Тэгэхээр нэг сум 100 мянган мод тарих үүрэг чиглэлтэй байгаа бөгөөд одоо байгаа ногоон байгууламжийг 4 дахин нэмэгдүүлэхээр ажиллаж байна. -“Хашаандаа сайхан амьдаръя” болзолт уралдааныг зохион явуулсан. Энэ талаар? -Тийм ээ. Бид өнгөрсөн хавар "Төв хөгжил" ББСБ-тай хамтран “Хашаандаа сайхан амьдаръя” болзолт уралдааныг зохион явуулсан. Тус уралдаан өмнө нь байсан болон нэмэлтээр хашаандаа шинэлэг зүйл хийж, ая тухтай амьдрах бололцоогоо өөрсдийн гараар бүтээсэн айл өрх бүрт нээлттэй зарлагдсан. Оролцогч айл өрхүүдийг хогийн асуудлаа шийдсэн байдал, хашаандаа ногоон байгууламжтай байх, өрхийн тариалан эрхэлдэг байх, хүүхдийн тоглоомын талбай, чийрэгжүүлэх талбай, эко бие засах газар, зам талбай, хашаа хорооны өнгө үзэмж гэх мэт 10 үзүүлэлтийн дагуу үнэлж дүгнэсэн. Энэхүү уралдаанд Зуунмод хотын 60 гаруй өрх оролцож, 15 өрх шалгарч тэргүүн байрт орсон өрхүүдийг нэг сая төгрөгөөс эхлэн шагнаж урамшуулсан. -Ногоон байгууламжийг хашаандаа урт удаан хугацаанд цогцлоосон айлуудыг оролцуулсан байна. Огт байхгүй айл өрхүүдэд ямар боломжийг олгож байна вэ? -Энэ намар "Хашаандаа тухтай амьдаръя" болзолт уралдааныг үргэлжлүүлэн зохион байгуулж байна. Энэхүү аянаар хашаандаа огт ногоон байгууламжгүй айл өрхүүд мод тарих юм. Үүний шалгаруулалтыг хавар үзэж байгаад байр эзлүүлнэ. Зуунмод сумын хувьд газар нутгийн хэмжээ бага, ойжуулах талбай ховор учраас айл өрх бүр ногоон байгууламжтай болчихвол хэд хэдэн давуу талтай гэж харж байна. Ялангуяа айл өрх бүр хашаандаа мод бут тарих юм бол амьдрах орчноо цэвэрхэн байлгахаас эхлээд хашаа хорооны өнгө үзэмж сайжрах, жимсний модноосоо хэрэгцээгээ хангах эдийн засгийн хэмнэлт бий болох зэрэг олон талын ач холбогдолтой юм. -Ногоон байгууламжийг бүтээхэд тулгамдаж буй асуудал юу байна? -Ногоон байгууламжтай холбоотой тулгамдаж буй асуудал бол хотын төвд бэлчдэг мал сүрэг. Зуунмод сумын Засаг даргын шуурхай хурлаар хэлэлцээд 6 багийн ялангуяа 1, 2, 6-р багийн мал бүхий иргэдэд анхааруулга, санамж мэдээллийг хүргэсэн. Төвд бэлчиж байгаа малыг хаших бөгөөд тухайн малын эвдэж сүйтгэсэн ногоон байгууламж болон эд зүйлсийн хохирлыг эзнээр нөхөн төлүүлэх зэрэг арга хэмжээг авч эхэллээ. Төв аймаг байгуулагдсаны 100, Зуунмод хот үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн хүрээнд ногоон төглийг хамтдаа бий болгох тал дээр иргэдийнхээ оролцоог хүсч байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     63    0