Мэргэжлийн албадын дунд уралдаан зарлалаа

Баянхонгор : НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу жил бүрийн 10 дугаар сарын 13-нд “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Тэгвэл 32 дахь жилдээ олон улсын хэмжээнд тохиож буй уг өдрийг аймгийн ИТХ, Онцгой комисс, Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөл, Онцгой байдлын газар, аймгийн ЗДТГ, Дэлхийн зөн Баянхонгор, Улаан загалмайн хороод хамтран “Зөвхөн хамтдаа – Бид эх дэлхийгээ аварч чадна” уриан дор зохион байгуулж байна. Гамшгийн эрсдэлийг бууруулах өдрийн үйл ажиллагааг нээж аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн дарга Э.Энхбат хэлсэн үгэндээ, “Баянхонгор аймгийн мэргэжлийн анги, гамшгаас хамгаалах албад сая болж өнгөрсөн Команд штабын сургуульд маш амжилттай оролцож 96,4 хувиар дүүрэн хангалттай үнэлгээг авсан. Энэ нь манай мэргэжлийн болоод гамшгаас хамгаалах албад байнгын өндөр бэлтгэлтэй байдгаа нотлон харуулсан явдал байлаа. Иймээс мэргэжлийн албадынхаа ур чадвар, авхаалж самбааг үнэлэн урамшуулах, хоорондын харилцаа холбоо нөхөрлөлийг бэхжүүлэх зорилгоор бүтээлч уралдааныг албан ёсоор эхлүүлж байна” гэж зарлан нийт бүрэлдэхүүнд амжилт хүслээ. Нээлтийн үйл ажиллаганд оролцсон гамшгаас хамгаалах албадын бие бүрэлдэхүүн БТСГ-аас зохион байгуулснаар хөдөлгөөнт гимнастик хийсний зэрэгцээ ур чадвар, авхаалж самбааны сорил уралдаан явуулж аянаа эхлүүлсэн юм. Мөн өдрийг тохиолдуулан гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулахад хүүхэд багачуудын оролцоо, мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор гар зургийн уралдааныг зарласан. Уралдаанд ирсэн 40 гаруй бүтээлээс шалгаруулж, шилдгүүдэд мөн үеэр шагналыг гардууллаа. Гамшгаас хамгаалах албадын дунд сарын турш үргэлжлэх бүтээлч уралдаанаар шилдэг албадыг шалгаруулан тэргүүн байр 500 мянга, дэд байр 300 мянга, гуравдугаар байр 200 мянган төгрөгийн үнэ бүхий зүйлээр шагнах аж.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     47    0