“Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг оновчтой болгох нь” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр “Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүнийг оновчтой болгох нь” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. УИХ-ын дарга Г.Занданшатар Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийн томилгоог сонгон шалгаруулсны үндсэн дээр нээлттэй, ил тод явуулах, ингэхдээ нийтийн эрх ашиг төлөөллийн зарчмыг хангасан эсэхийг анхаарч ажиллахыг НББХ-нд чиглэл болгосон юм. Хэлэлцүүлэгт Нийгмийн болон Эрүүл мэндийн үндэсний зөвлөлийн гишүүд, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл танхимаар болон цахимаар оролцов. Хэлэлцүүлгийн эхэнд Эрүүл мэндийн сайд, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн дарга С.Энхболд “Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн бүтцийг оновчтой болгох эрх зүйн зохицуулалт, хяналт тавих, механизмыг сайжруулах нь” сэдвээр танилцуулга хийсэн. Мөн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн дарга А.Ариунзаяа “Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн бүтцийг оновчтой болгох эрх зүйн зохицуулалт, хяналт тавих, механизмыг сайжруулах нь” зэрэг сэдвээр товч танилцуулга хийлээ. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн дарга А.Ариунзаяа илтгэлдээ, Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд Засгийн газрыг төлөөлөн гурав, тухайлбал Сангийн, Хууль Зүйн, Нийгмийн хамгааллын сайд, ажил олгогчийг төлөөлсөн гурав, даатгуулагчийг төлөөлсөн гурав, нийт есөн гишүүнтэйгээр УИХ-аас зургаан жилийн хугацаатай томилж байгаа одоогийн системийг өөрчлөх шаардлагагүй гэж үзсэн. Харин нэр дэвшүүлэх ажлыг олон нийтэд ил тод, нээлттэй хэлэлцүүлгээр шийдвэрлэхийн зэрэгцээ тэдний шийдвэр гаргахад оролцох идэвх, үүрэг хариуцлагыг эдийн засгийн урамшууллын хөшүүрэгтэй уялдуулан нэмэгдүүлж хуульчлах шаардлагатай байгааг илтгэлдээ онцоллоо. Одоогийн хуулиар, Үндэсний зөвлөл нь даатгуулагчийн эрх ашгийг хөндсөн, цаг үеийн чухал асуудлыг шийдвэрлэхээс гадна нийгмийн даатгалын сангийн батлагдсан төсвийн нарийвчилсан хуваарийг батлах, орлогын төлөвлөгөө, зарлагын гүйцэтгэлд хяналт тавих, нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг банканд байршуулах зэрэг асуудлаар шийдвэр гаргах үүрэг хүлээдэг ба 2020 онд 9 удаа хуралдаж, 18 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, 11 тогтоол гаргасан бол 2021 оны эхний 9 сарын байдлаар 7 удаа хуралдаж, 21 асуудал хэлэлцэж шийдвэрлэн, 19 тогтоол гаргаснаас нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний 3 акт баталж, мөрдүүлсэн. Мөн хуулийн шинэ төсөлд Үндэсний зөвлөлийн эрхийг илүү тодотгон, тэтгэвэр авах дундаж хугацааны илэрхийлэл, рашаан болон мэргэжлээс шалтгаалсан өвчтөний сувиллын тусламж, үйлчилгээний төлбөрийн даатгалын сангаас олгох хэмжээ, нийгмийн даатгалын хуримтлалын сангаас санхүүгийн хэрэгсэлд оруулах хөрөнгийн хэмжээ, нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хэмжээг тогтоох зэрэг зайлшгүй батлах журмуудыг тусгасан талаараа танилцууллаа. Эрүүл мэндийн сайд, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн дарга С.Энхболд Олон улсын жишгээр Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд олон нийтийн төлөөлөл (Public), даатгуулагч, ажил олгогчийн төлөөлөл (Payer), тусламж, үйлчилгээ үзүүлэгч (Provider)-ийн төлөөлөл гэсэн гурван гол оролцогч талын төлөөллийг ижил тоотойгоор оруулж, харилцан тэнцвэртэй оролцоог хангадаг туршлага байдаг. Иймд олон улсад баримталдаг зарчмын дагуу нийт аж ахуй нэгжийг албан ёсоор төлөөлөх эрхтэй, хамгийн их шимтгэл төлөгч гэдэг агуулгаар том аж ахуй нэгжүүдийг, хамгийн олон ажлын байр бий болгодог гэдэг агуулгаар жижиг дунд, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн төлөөллөөс тус бүр нэг хүнийг Худалдаа аж үйлдвэрийн танхимын санал болгосноор оруулах боломжтой юм хэмээлээ. УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Үндэсний зөвлөлийн гишүүд нь даатгуулагч болон ажил олгогчийг төлөөлж, нийтийн эрх ашгийн асуудлыг хэлэлцдэг. Тиймээс иргэд зөвлөлийн гишүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, сонгон шалгаруулалтыг оновчтой болгох, бүтэц зохион байгуулалтын асуудлыг эргэн харахыг шаардаж байна. Цаашид хийсэн ажлынхаа талаар УИХ-д тайлагнадаг, байгууллагынхаа ажилд хяналт тавих, УИХ-аас томилогддог албан тушаалтны үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, тэдгээрийн хууль эрх зүйн зохицуулалтыг хянан үзэж, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах шаардлага байна” хэмээв. Хэлэлцүүлэгт оролцсон төрийн бус байгууллагын төлөөлөл зөвлөлүүдийг хэрхэн сайжруулах, олон талт оролцоог хэрхэн хангах зэрэг асуудлыг хөндөж, санал бодлоо илэрхийлэв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     64    0