Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын 4 гишүүн санаачлан боловсруулж, энэ оны тавдугаар сарын 14-нд өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлээд байсан юм. УИХ 2017 оны хоёрдугаар сарын 2-нд Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Аймгийн төвөөс алслагдсан нутагт дэвсгэрт байрлах онцгой байдлын газар, хэлтэс, салбар нэгжийн алба хаагчдад тасралтгүй ажилласан жилийн урамшил олгох хууль, эрх зүйн орчин бүрдээгүйгээс алба хаагчийн нийгмийн баталгаа дордох нөхцөл үүссэн байна. Иймд хуульд өөрчлөлт оруулж, аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг 5 жил тутам олгохоор тусгасан байна. Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг зүйл тус бүрээр нь хэлэлцэж, төслийн зүйлүүдтэй холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийллээ. Ингээд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд гишүүдээс бичгээр гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Иймээс хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. Төслийг энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэхэрэ товлоод байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     56    0