Санкт-Петербургийн Улсын их сургуульд “Алтан гадас” одон гардуулав

Оросын анхны их сургууль болох Санкт-Петербургийн Улсын их сургуульд Монгол Улсын төрийн дээд шагнал “Алтан гадас” одон гардуулах ёслол энэ сарын 12-нд тус сургуулийн Петровский танхимд боллоо. Санкт-Петербург хотод болох Евразийн эмэгтэйчүүдийн 3 дугаар чуулга уулзалтад оролцохоор очсон УИХ-ын дэд дарга, тус сургуулийн 1988 оны төгсөгч С.Одонтуяа Санкт-Петербургийн Улсын их сургуулийн туганд монгол төрийн одонг зүүн, сургуулийн эрдмийн хамт олонд баяр хүргэлээ. Тэрбээр, "1950-иад оноос хойш Санкт-Петербургийн Улсын их сургуульд нийтдээ 250 орчим монгол иргэн бакалавр, магистр, дэд эрдэмтэн болон докторын зэргээр суралцаж, үр бүтээлтэй ажиллан, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулсаар ирсэнд талархаж байна" гэлээ. Мөн уг сургуулийг төгссөн Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж нар мэндчилгээ илгээснийг сонордуулж, сургуулийн Монгол хэлний тэнхимийн номын санд илгээсэн номыг хүлээлгэн өглөө. Санкт-Петербургийн Улсын их сургуулийн ректор Н.М.Кропачев хариу талархал дэвшүүлж, Монгол Улс, тус сургуулийн хоорондын бүтээлч хамтын ажиллагаа цаашид улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     59    0