Чингэлэг тээврийн терминалаас туршилтын тээврийг эхлүүлэх санал дэвшүүлэв

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал энэ сарын 11-нд Ганцмод, Мандал боомтын ажилтай танилцав. Элчин сайд Т.Бадрал БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн дэд дарга Ю Ли-Эн болон боомтын холбогдох албаны хүмүүстэй уулзаж, Гашуунсухайт-Ганцмод боомтын ачаа тээврийг нэмэгдүүлэх зорилгоор чингэлэг тээврийн терминалыг ашиглах, коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх хоёр талын хамтын ажиллагааг сайжруулах асуудлаар санал солилцож, байр сууриа илэрхийллээ. Элчин сайд Т.Бадрал хоёр талын худалдааны эргэлтийг нэмэх хүрээнд Гашуунсухайт, Ганцмод боомтод PCR шинжилгээний нэг стандарт мөрдөх, хүчин чадлыг нэмэгдүүлж, хамруулах жолооч нарыг тоог өсгөх, шинжилгээний мэдээллээ харилцан тогтмол солилцох, чингэлэг тээврийн терминалаас туршилтын тээврийг эхлүүлэх зэрэг тодорхой саналыг дэвшүүлэв. Ганцмод боомтын удирдлагын зүгээс хилийн боомтын ачаа тээврийг нэмэгдүүлэх асуудалд хятадын тал онцгой анхаарал хандуулж байгааг илэрхийлж, өдөрт 200 авто машин хилээр нэвтэрдэг байсныг өнөөдрийн байдлаар 350 хүртэл нэмснийг мэдээлэв. Мөн Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх хоёр талын хамтын ажиллагааг цаашид улам сайжруулсны үндсэн дээр ачаа тээврийн хэмжээг нэмэх боломжтойг тэмдэглэжээ. Түүнчлэн Элчин сайдаас дэвшүүлсэн саналыг дэмжиж байгааг илэрхийлж, зарим асуудалд холбогдох байгууллагаас санал авч хариу өгөхөө мэдэгдсэн байна. Элчин сайд Т.Бадрал Бугат хотын дэд дарга Ван Руй болон Дархан Муумянган хошууны дарга Ши Зунчин нартай уулзав. Тэрээр хилийн боомтын дэд бүтцийг сайжруулснаар Ханги-Мандал боомтын хоёр улсын худалдаанд гүйцэтгэх үүргийг нэмэх боломжтойг тэмдэглэв. Бугат хот, Дархан Муумянган хошууны удирдлага коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх хоёр талын хамтын ажиллагааг сайжруулах хүрээнд тогтмол мэдээлэл солилцох суваг бий болгох, Ханги-Мандал боомтын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам, авто зам, Тавантолгой-Ханги чиглэлийн авто замыг ойрын хугацаанд ашиглалтад оруулах асуудалд монголын талыг онцгой анхаарал хандуулахыг хүссэн байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     60    0