Засаг даргын зөвлөл баасан гараг бүр хуралдана

Архангай: Аймгийн Засаг даргын зөвлөл хуралдаж, ажиллах журмаа шинэчилсэн байна. Засаг даргын зөвлөл долоо хоног бүрийн баасан гарагт тогтмол хуралдаж байхаар болсон бөгөөд хэлэлцэх шаардлагатай цаг үеийн асуудлаар өдөр харгалзахгүй хуралдаж байхаар тогтжээ. Энэ удаагийн хурлаар Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журамтай зөвлөлийн гишүүд танилцаж, өнгөрсөн хугацаанд зарцуулсан нөөц хөрөнгийн зарцуулалтыг нэг бүрчлэн ярилцсан байна. Мөн 3-р улиралд төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан иргэдийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар ТЗУХ-ийн дарга Ш.Гомбодорж танилцуулжээ. 3-р улиралд аймаг, сумдын Засаг даргын Тамгын газар, төсөвт байгууллага, агентлагуудад нийт 13234 санал хүсэлт, гомдол иржээ. Үүний 12716 өргөдлийг хугацаанд нь, 62 өргөдлийг харьяаллын дагуу холбогдох газруудад нь шилжүүлжээ. Хугацаа нь болоогүй 456 өргөдөл байна. Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 96,0 хувьтай байгаа ажээ. Ташрамд, аймгийн Засаг даргын Тамгын газарт иргэдийн санал хүсэлтийг 7033-1111 нээлттэй утсаар хүлээн авах аж. Зөвлөлийн бүрэлдэхүүнд: - Засаг даргын орлогч - Засаг даргын Тамгын газрын дарга - Хууль эрх зүйн хэлтсийн дарга - Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга - Нийгмийн бодлогын хэлтсийн дарга - Архангай аймгийн ажил олгогч эздийн холбооны дарга - Төрийн бус байгууллагын төлөөллөөс Ч.Баасанжав -Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч А.Баттулга -Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ц.Амаржаргал нар байдаг байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     66    0