Коронавируст халдвартай тэмцэх ажлын явцын үнэлгээг үндэсний хэмжээнд хийж байна

УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица, Эрүүл мэндийн сайдын халдварт өвчин тандалт судалгааны асуудал хариуцсан зөвлөх, доктор А.Амбасэлмаа нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр коронавируст халдварын тухай цаг үеийн нөхцөл байдал, хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл солилцов. Бригадын генерал Б.Ууганбаяр, нэгдсэн шуурхай штабын үйл ажиллагааны талаар танилцуулж, өвчлөлийн тархалтыг богино хугацаанд хумих, нас баралтын тоог бууруулахад чиглэсэн стратегийг баримтлан ажиллах, бүх шатанд дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх, хүн амын дунд амны хаалтын хэрэглээг хэвшүүлэх, хүчин төрөгчийн хангалтыг нэмэхэд анхаарч байгаагаа онцоллоо. Мөн, "Цар тахлыг эрсдэл багатай даван туулахын тулд нэгдсэн нэг удирдлагын системээр ажиллах нь чухал. Халдвар авсан хүмүүсийг эмчилж байгаа нийслэл, дүүрэг, аймаг, орон нутгийн эмнэлгүүд ижил түвшинд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй. Үүний тулд эмнэлгийн тусламжийн үйлчилгээг сайжруулах, төрийн байгууллага, аж ахуйн нэгж байгууллагын манлайлал, иргэнийг оролцоог хангах бүхий л нөөц бололцоогоо гарган ажиллах шаардлагатай байна. Нэгдсэн шуурхай штаб мэдээллийн менежмент, нөөцийн менежментийг оновчтой гаргаж ажиллахыг зорьж байна. Эрүүл мэндийн салбарын нөөцийг анхаарах хэрэгтэй” гэлээ. ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица уулзалтын үеэр, шуурхай штабын дэргэд эмнэлгийн ор зохицуулах баг ажиллуулж байгаа нь өвчтөнийг эрт илрүүлж, зөв эрэмбэлэн ангилах, тохирсон тусламж, үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэхэд оновчтой шийдвэр болж байгааг онцолж байв. УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас коронавируст халдвартай тэмцэх ажлын явцын үнэлгээг үндэсний хэмжээнд хийж байна. Энэхүү үнэлгээг хийхэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага голлох байр суурьтай оролцож байгаа бөгөөд коронавируст халдвартай тэмцэж буй орон нутгийн сайн жишээ, туршлагыг дэлгэрүүлэх, хариу арга хэмжээг хэрэгжүүлэхэд учирч буй саад бэрхшээл, тулгамдсан асуудалд дүн шинжилгээ хийж, олон салбарын ажлын уялдаа холбоог нягтруулах, үйл ажиллагааны төлөвлөгөөг сайжруулах, олон улсын туршлагыг хуваалцаж хамтран ажиллах болно гэдийг уулзалтын үеэр онцоллоо гэж УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     58    0