ОУВС: Дэлхийн эдийн засгийн өсөлт саарч байна

Дэлхийн эдийн засгийн цар тахлын үр дагавраас сэргэх үйл явц саарч, эрүүл мэндийн асуудлуудаас үүдэлтэй эрсдэл улам бүр нэмэгдэж байгааг Олон улсын валютын сан /ОУВС/ мягмар гарагт анхаарууллаа. Тус байгууллага дэлхийн хамгийн том эдийн засагтай орон болох АНУ-ын эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаглалыг бүтэн нэг хувиар буюу “Долоогийн бүлэг”-ийн аж үйлдвэржсэн орнуудынхаас хамгийн ихээр бууруулан 6 хувьд хүргэжээ. ОУВС-гийн мэдээлснээр, гадаадын боомтуудаас ирэх хэрэглээний барааны нийлүүлэлтийн сүлжээ тасалдсанаас гадна эдийн засгийн 70 хувийг бүрдүүлдэг хэрэглээний зардал багасаж буй нь энэ оны өсөлтийг ийнхүү бууруулахад нөлөөлжээ. Мөн дэлхийн эдийн засгийг энэ онд 5.9 хувиар өснө хэмээн таамагласан нь долоодугаар сарын хэтийн төлөвөөс 0.1 хувиар буурсан үзүүлэлт боллоо. Харин 2022 оны өсөлтийг 4.9 хувьд хэвээр үлдээсэн байна. “Коронавирусний “Дельта” хувилбар эрчимтэй тархаж байгаагийн зэрэгцээ цаашид шинэ хувилбарууд үүсэж болзошгүй байгаа нь цар тахлаас хэзээ ангижрах вэ? гэдэг асуултын хариуг бүдгэрүүлж байна” гэж ОУВС-гийн тайланд онцлон тэмдэглэжээ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     44    0