Хөгжилд хөтөлсөн ган зам дагаж алхсан 28 жил

"1996 онд Төмөр замын техникумын Замын техникчийн ангийг 20-иод хүүхэд төгссөнөөс Улаантолгой зөрлөгт одоогийн Замын IV ангийн дарга А.Оргодол, II ангийн орлогч дарга О.Батхүү хоёр, Хөтөл өртөөнд Замын VI ангийн ХАБЭА-н инженер Ч.Норьсүрэн, Хангал зөрлөгт Д.Даваажав бид хоёр тус тус томилогдож байлаа. Замын мастер Должинжав, бригадын дарга Баатар нарын хашир туршлагатай хүмүүс биднийг тосож авсан. Тэд маш ажилсаг, дайчин хүмүүс байсан. Нөгөө хэд маань оройн суудлаар хүрээд ирцгээнэ. Нэг ангийн хүүхдүүд тоглож хөгжилдсөөр оройтож амарна. Өглөөний суудал ирэхэд тэд маань хувцсаа хагас дутуу углаад л өртөө рүү гүйлддэгсэн. Өвөл цас их ордгийг хэлэх үү. Бригадын дарга маань хэдэн адуутай. Бид цүпээ буу шиг үүрч, бусад багаж хэрэгслээ ганзагалаад л мориор ажилдаа явцгаана. Ялангуяа, манай Д.Даваажав спортын хүн болохоор аливаа ажилд тууштай, ямар ч үед шантарч бэрхшээхгүй. Заавал цаана нь гарч байж л амардаг зантай. Ер нь, манай Даваа аливаад шударга, дайчин чанараараа хамт олноо үлгэрлэн дагуулж ирсэн хүн. Одоо ч хурдан, шаламгай, санаачилгатай зангаараа бусдаас ялгарсаар яваа даа, найз минь" хэмээн Замын VI ангийн дарга Т.Лхагвасүрэн мэргэжил нэгт нөхрөө магтсан юм. Энэ удаагийн хөргийн маань эзэн Тээврийн хяналтын албаны Замын аж ахуй хариуцсан хяналтын байцаагч Д.Даваажав хүүхэд цагаасаа л спортод дурласан нэгэн. Анх тавдугаар ангийн сурагч байхдаа Эрдэнэтийн "Хангарьд" спорт хорооны чөлөөт бөхийн дугуйланд бүртгүүлснээр тамирчны замналаа эхлүүлжээ. "1985 оны намар шиг санагдана. н.Бат-Орших багшийнхаа удирдлага дор ангийнхаа хоёр хүүхдийн хамт чөлөөт бөхийн секцээр хичээллэж эхэлсэн. Тэр цагаас хойш тэмцээн уралдаанд идэвхтэй оролцож 6,7,8 дугаар ангидаа дараалан Эрдэнэт хотын аваргаар шалгарч байлаа. Ер нь, би өөрийгөө бөхийн спортод богино хугацаанд суралцсан гэж боддог. Эхний жилдээ ч бишгүй ялагддаг байлаа. Хоёр, гурав дахь жилээсээ үе тэнгийнхээ хүүхдүүдтэй ана мана үзэлцдэг болсон. Хамгийн сүүлд наймдугаар ангид байхдаа улсын хэмжээнд зохион байгуулагддаг олон хотын тэмцээнд оролцож, мөнгөн медаль хүртэж байлаа. Улс, бүсийн тэмцээнүүдэд ч чамгүй амжилттай оролцож явсан" хэмээн дурсав. Д.Даваажав ийнхүү чөлөөт бөхийн төрлөөр ёстой л шуугиулж байсан хэдий ч тухайн цаг үед зах зээлийн шилжилтийн нийгэм эхэлж, их спорт уналтад оров. "Багадаа биеийн тамирын багш, дасгалжуулагч болно доо гэж боддог байлаа. 1990 оны зах зээлийн үед спортын салбар маш хүнд сорилттой тулгарсан шүү дээ. Хүүхдүүд өөрийнхөө дур сонирхлоороо л явж байсан болохоос тэднийг дэмжээд, туслаад явах хүн ер нь байгаагүй. Тухайн үед олон ч сайн хүүхэд спортын салбараа орхисон байх" гэв. Хүн бүр өөрийн дур сонирхол гэхээсээ илүү амьдралаа хэрхэн авч явах вэ гэсэн чухал сорилттой тулгарсан учраас нэн тэргүүнд ажил мэргэжилтэй болохыг зорьжээ. Тэр үед ах нь машинчаар ажиллаж байв. Б.Даваажав ч өөрөө машин механизмд багагүй сонирхолтой болохоор төмөр замчин болохоор шийджээ. "1989 онд намайг Орхон аймагт наймдугаар ангиа төгссөн жил Эрчим хүч, Замын техникч гэсэн хоёр ангийн хуваарь ирсэн. Би ч "Машин механизм дээр ажиллах юм байна" гэсэн ойлголтоор замын техникчийн ангийг сонгосон. Биднийг оюутан байх үед намрын ажилд их дайчлагдана. Бэлэндалайн үтрэм, Ногоонтолгойн сангийн аж ахуй гээд л ангиараа явцгаадаг байв. Нэг үеийн залуус хоорондоо танилцаж, нөхөрлөнө. Бусадтай зөв боловсон харилцаж сурна. Ажил мэргэжлийн амтанд дурлана гээд л. Намрын ажилд гарах хамгийн сайхан... " хэмээн оюутан ахуйн гэгээн дурсамжаа дэлгэлээ. Амьдралын шалгуурыг сөрсөн нь Хөргийн маань эзэн "Өнчин өрөөсөн хүн тэвчээртэй, зоригтой, хүмүүжилтэй байж гэмээнэ л зөв амьдарна шүү дээ. Намайг өдий зэрэгт хүргэсэн авга ахдаа л маш их талархаж явдаг даа. Тэр хүний ачийг хариулахын тулд зөв амьдарч, зөв хүн байхыг л хичээдэг дээ, ах нь" гээд хоолой нь зангирсан юм. Д.Даваажавын хувьд хар багадаа эцэг эхээсээ өнчирч, амьдралын эрээн барааныг хүүхэд ахуй цагаасаа тунгааж, басхүү сөрж ирсэн нэгэн. Түүний аав, ээж нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, малчин хүмүүс байж. Ээж нь төрөхийн хүндрэлээс болж тэнгэрт дэвшихэд улаан цурав долоон хүүхэдтэй үлдсэн аав нь дөрвөн жилийн дараа мөн л бурхан болжээ. "Би таван эгч, нэг ахтай. Аавыг өөд болдог жил би дөнгөж зургаан настай байлаа. Аавын дүү ажил явдалд оролцохоор очоод "Би ахынхаа бага хүүхдүүдийг аваад явлаа" гэж хэлээд бид дөрвийг Био-комбинатад авчирч байсан. Эгч нарын маань гурав нь л дөнгөж амьдралд хөл тавьж байсан үе. Авга ах маань өөрөө 10 хүүхэдтэй, цэргийн дарга хүн байсан. Ахынх дөрвөн хүү, зургаан охин, миний хоёр эгч, нэг ах гээд 16 зургуулаа нэг гэрт ёстой л "буцалж" өссөн. Би тэр хоёр бууралд насан туршдаа баярлаж явдаг. Биднийг хүний зэрэгт хүргэх гэж ямар их хичээсэн гэж санана. Тэр олон хүүхдийг ёстой л цэрэг шиг зохион байгуулалтаар хүн болгосон. Биокомбинатын "Далий 52" гээд таван давхар байшин дөнгөж ашиглалтад орж байсан үе гэхээр 1979 онд л доо. Авга ах маань хааяа анд явна. Заримдаа толгой, шийр, цувдай авчирна. Тэр доороо л дуусдаг байв. Дараа нь ах Эрдэнэтийн дивизийн их бууны артилерийн даргаар томилогдож, тийш нүүцгээсэн. Тэнд ах минь ажил мэргэжлээрээ ёстой л мандаж явлаа. Тухайн үед авга ахынхаа бичиж тэмдэглэж байсан зүйлийг эргүүлж харахад олсон хэдийгээ олон хүүхдэд тэгш хүртээхийн тулд яг л цэргийн зохион байгуулалтаар өрхийн төсвөө нарийн хөтөлсөн байдаг. Цэргийн хүмүүс мундаг тулдаа л биднийг хоосон хонуулаагүй байх. Эхнээсээ сургууль соёлд орж, ажил амьдралтайгаа залгасаар бүгд тусдаа гарцгаасан. Авга ах минь 83 настайдаа бурхан болсон. Одоо хөгшин нь амьд сэрүүн байгаа" гэв. Мэргэжлээ сонгосон ч спортоо орхиогүй Д.Даваажав хэдийгээр төмөр замын мэргэжил сонгосон ч спортын салбараас хөндийрсөнгүй. Төмөр замын техникумд элссэнийхээ дараа Ц.Сэрээтэр багшийн удирдлаганд "Замчин" клубт хичээлийнхээ зав чөлөөгөөр бэлтгэл сургуулилтаа хийх болов. Тухайн үед өнөөгийн Зорчигчийн вагон депогийн ҮЭ-ийн хороон даргаар ажиллаж байсан МУГТ Г.Гал-Эрдэнэ, одоогийн улсын начин Б.Адъяахүү нарын залуус түүнтэй хамт хичээллэдэг байв. Мөн өнөөгийн ЗТХ-ийн сайд Л.Халтар Төмөр замын техникумд багшилж байсан бөгөөд Д.Даваажав 52 кг, Л.Халтар 57 кг-д барилддаг байж. "1990 онд "Оюутан, пионер, сурагчдын спартикиад" болж, тус наадмаас би мөнгөн медаль хүртэж байлаа. Оюутан болсноосоо хойш анх удаа мөнгөн медаль хүртсэн тэр мөч сэтгэлд их тод санагддаг юм. Дараа жил нь Эрдэнэт хотноо болсон "Олон оддын тэмцээн"-нд Чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Т.Сүхбаатарын дүү, ОУХМ Т.Зүүнбаянтай учраа таарч, алтан медалийн төлөө барилдаад ялсан. Мөн онд Спортын төв ордонд Улсын залуучуудын шигшээ баг байгуулагдахад Ц.Сэрээтэр багш маань намайг дагуулж очиж билээ. Тэнд ОУХМ Н.Ганбаатар багшийн удирдлагад хичээллэж их ч зүйлийг сурсан даа. Тухайн жилдээ Улаан-Үдэд болсон маш өндөр рейтингтэй тэмцээнд оролцож, дандаа орос буриад бөхчүүдтэй учраа тааран ес ялж, 10 дахь барилдаандаа аваргын төлөө өрсөлдөн ялагдаж, мөнгөн медальтай ирж байлаа. Тэр тэмцээнд түрүүлсэн бөхөд ЗХУ-ын спортын дэд мастер цолыг олгож байсан юм. Миний аз дутаж дэд байрыг эзэлсэн. Хамт явсан н.Батсайхан маань жиндээ түрүүлж, ЗХУ-ын дэд мастер авч байлаа. Дараа нь, 1996 онд шиг санагдана Хангал зөрлөгт Замын мастераар ажиллаж байхад минь Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн болов. Тухайн үедээ бэлтгэл сургууль ч муу "Миний барилдах үе ч өнгөрсөн байх даа" гэж бодож байсан үе л дээ. Гэсэн ч өөрийгөө солиод үзье гэсэн бодолтойгоор Эрдэнэт хотын нэр дээр оролцож, ОУХМ Б.Сэргэлэнбаатар гэж Монголын шилдэг залуу тамирчинтай алтын төлөө барилдаад мөнгө авч байлаа. Ер нь, 16-22 насны хооронд эр хүний хамгийн ид хавтай нас юмдаг уу. Тэр үедээ хэнээс ч айдаггүй, хэнийг ч дийлнэ гэсэн итгэлтэй барилдаж байлаа. Миний хувьд асар хурдтай барилдаг. Секундийг хэд хуваасантай тэнцэхүйц богино хугацаанд сэтгэж байж л дараагийн мэхээ хийнэ шүү дээ. Мэхнээс мэхэнд шилжих ухаан, ур чадварын хурд, биеийн хурд зэргээрээ бусдаас илүү байсан юм болов уу. Хоёрдугаарт бэлтгэлээ маш сайн хийдэг байсан. Сайн багш нараар заалгаж байсных бэлтгэлээ хэрхэн хангах вэ гэдэг арга барилыг чамгүй эзэмшсэн. "Хангарьд" клуб бол хамгийн сайн бэлтгэлийн бааз шүү дээ. Миний хувьд мэргэжил эзэмшихийн зэрэгцээ хичээлдээ ч суугаад тэмцээн уралдаандаа ч ороод явсан. Үүнийхээ хүчинд үндсэн мэргэжлээрээ ч ажиллаж, спортын мастерын цолоо ч авсан. Энэ бол миний бахархал. Үндсэн ажилдаа анхаараад Мастеруудын холбоонд материалаа бүрдүүлж өгч амжихгүй яваад байсан болохоор мастер цолоо таван жилийн өмнө авсан л даа" хэмээн спортын замналаа бахархал, омогшил дүүрэн хуучилсан юм. Тэрбээр, чөлөөт бөхөөс гадна ширээний теннис, билльярд, сагс, волейбол гээд спортын олон төрөлд Замын аваргаар удаа дараа шалгарч, УБТЗ-аа төлөөлөн бусад байгууллагын тамирчидтай өрсөлддөг чадварлаг тамирчин юм. Зам, замчид хоёртой жарны тал нөхөрлөв Д.Даваажав УБТЗ-д 28 жил, Төмөр замын техникумд сурсан дөрвөн жилийг нь оролцуулбал энэ салбарт 32 жилийн хөдөлмөр зүтгэлээ зориулж яваа нэгэн. Тэрбээр, "Спортын талбарт байнгын бэлтгэл сургуулилт, тэсвэр хатуужил шаарддаг шиг замчид дандаа гадна орчинд цаг агаарын элдэв саад бэрхшээлтэй нүүр тулж ажилладаг. Ажилдаа хэрэглэдэг багаж хэрэгсэл нь хүнд, дэр мод, зам төмөр гээд өдөр бүр хийдэг ажил нь ч бүгд биеийн хүч шаарддагаараа онцлогтой. Тийм ч учраас спортоос олж авсан суурь чадвар минь эзэмшсэн мэргэжлийн талбарт тодорхой хэмжээгээр нөлөөлсөн юм болов уу гэж боддог. Спортоос хүн маш зөв төлөвшил, хүмүүжлийг олж авдаг. Хамгийн наад зах нь л архи, тамхи хэрэглэвэл амжилтад муугаар нөлөөлнө гэдгийг ухамсарт нь суулгаж өгдөг. Тэр үеийн багш нар ёстой л бурхан шиг хүмүүс байв. Эцэг эхээс нь ч илүү зааж сургана. Би спортод ойр явсных одоо хүртэл тамхи татдаггүй. Үе тэнгийнхэн маань миний хөнгөн шингэнийг гайхдаг. Энэ нь ч ялгаагүй спортын л ач" хэмээн ярив. Тэрбээр, Төмөр замын техникумыг төгссөнийхөө дараа дөрвөн жил Замын VI ангид ажиллахдаа хоёр жил замчин, бригадын дарга, замын мастераар тус бүр нэг жил ажиллажээ. Тухайн үед Төмөр замын коллеж ажилчдаас элсүүлэхэд мэдлэг, чадвараа ахиулах үүднээс дахин суралцахаар шийджээ. Улмаар, Төмөр замын коллежид 1997-1999 онд сурч, Замын VI ангид гүүрийн мастер, ахлах мастер зэрэг ажлыг хийж байгаад 2001 оны нэгдүгээр сарын 1-нд Замын III ангийн орлогч даргаар томилогдож 2013 оны долдугаар сарын 1-н хүртэл ажилласан байна. Дараа нь, 2013-2015 он хүртэл Замын II ангид хэсэглэлийн инженер, Техник тасгийн урсгал засвар хариуцсан инженерээр тус тус ажиллаж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 7-ноос одоогийн албан тушаалдаа томилогдсон байна. Түүнээс өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан ажил мэргэжлийнх нь туршлагын талаар тодруулахад "Намайг Замын III ангид орлогч даргаар очиход ангийн дарга нь н.Найдансүрэн, ерөнхий инженер н.Батхуяг, ахлах инженер н.Сүхбаатар гээд дандаа гавьяаны амралтад суух нь болчихсон туршлагатай ахмадууд ажиллаж байлаа. н.Найдансүрэн дарга маань "Болж өгвөл замчин бүрийнхээ гэрт нь ор. Ямар орчинд, яаж амьдарч байгааг нь хар" гэж захидагсан. Би Замын III ангид байхдаа замчин бүрийнхээ гэрт орж уулздаг байлаа. Ялангуяа, сүүлийн үеийн залуу дарга нар маань захиргаадахаа л өмнөө тавиад байхаас хүнд зааж сургах, туслах чиглэлээ орхигдуулаад байгаа юм болов уу. Миний үеийн ахмад дарга нар хадаас яаж сугалахаас эхлээд нэг бүрчлэн зааж өгдөг байлаа шүү дээ. Тийм л бурхан ухаантай хүмүүсээр заалгасных тэр жишгээр л ажиллахыг хичээдэг. Тийм учраас ажлын таван өдрийнхөө 2-3-ыг нь шугам замд зарцуулдаг. Сүүлийн үед цар тахлын хорио цээртэй холбоотой л жаахан явдал багасаад байна. Ер нь, байцаагч хүн гэдэг хаана замын техникийн байдал муу, гологдол, зөрчил гарах магадлалтай байна тэр газар руу л явахыг хичээдэг. Аваар, осолд хүргэж болзошгүй бүхнийг илрүүлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь байцаагч хүний үндсэн үүрэг шүү дээ. Энэ чиглэлд ялангуяа замчид өөрсдөө хичээл зүтгэлтэй ажиллаж, удирдлагууд нь гарсан зөрчлийг дор бүр нь засуулах чиглэлээр идэвхтэй байх хэрэгтэй. Сүүлийн үед заавал хүнээр хэлүүлж байж л хөдөлдөг хандлага ажиглагдаад байгаа. Хүн бүртэй жигд харилцаж сурах нь удирдагч хүний хамгийн чухал чанар. Хүн хүнд таарах түлхүүр өөр байдаг хэдий ч ерөнхий зарчим нь элдэв алагчлалгүй харилцаанд хэн хүнгүй дуртай байх шиг санагддаг. Манай замчид аливаа асуудлаа ярьдаггүй. Дуугүй хүмүүс гэж дүгнэх нь бий. Миний хувьд тэдэнтэй илүү ойр, тулж ярилцах нь чухал юм шиг санагддаг. Өнөөгийн удирдах албан тушаалтнууд ихэвчлэн зайнаас байдалтай ажиллаад байгаа харагддаг. Хөндий, зайнаас үүрэгдээд, захиран тушаагаад байх тусам хоорондын харилцаа хаалттай болдог" хэмээн хариулсан юм. Ажлын талбарт амьдралаа зориулсан нь Д.Даваажавын гэргий төмөр замын холбооны инженер мэргэжилтэй. Тэднийх гурван хүүхэдтэй. "Эхнэр бид хоёр нэг хүүхдээ ч гэсэн төмөр замчин болгох юмсан гэж ярилцдаг. Охин маань ШУТИС-т элссэн. Удаах хүү маань энэ жил 12 дугаар ангиа төгсөөд Ленинградын төмөр замын дээд сургуульд элсэхээр бүх шаардлагаа хангасан. Одоо урилга, виз нь ирчихвэл хэлний бэлтгэлдээ явна байх. Хамгийн бага маань тавдугаар ангийн сурагч. Миний хань анх Холбооны гуравдугаар ангиас ажлын гараагаа эхлүүлж байсан. Намайг болж л өгвөл шугам замд бага явуулмаар байгаа нь ажиглагддаг. Гэхдээ өөрөө төмөр замчин учраас ажил мэргэжлийг минь сайн ойлгодог. Би Замын III ангид ажиллаж байхдаа шугам замд мөн ч их явдаг байж дээ. Гурвын гурван нялх хүүхэдтэй эхнэрээ орхиод л бодох санах юмгүй явчихна. Ар гэрийн бүхий л асуудлыг хань минь зохицуулсаар ирсэн. Хааяа "Чи ямар их явдаг юм бэ" гэдэгсэн. "Хүмүүсийнхээ ажил амьдралтай газар дээр нь очиж танилцахгүй бол яаж ажлынхаа гүнд нь орох юм бэ" гэж л хариулна. Ийм хэмнэлээр манай гэр бүл 20 гаруй амьдарлаа. Одоо ч дасаж дээ. Сүүлд Улаанбаатар руу шилжиж ирснээс хойш манай хүн Замын II ангид хүний нөөцийн менежер хийж байна. Үндсэн мэргэжлээрээ ажиллах гээд орон тоо олдоогүй. Эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаад амтанд нь ороод ирэхээр түүндээ улам л дурлаад байдаг юм байна. Гэр бүлийнхэн маань хүссэн хүсээгүй миний ажлын хэмнэлд захирагдах юм даа" гэв. Мөн тэрбээр "Сүүлийн үед замын ачааллаас шалтгаалж дэр мод, дүнз, металл хэсгийн аж ахуй маш ихээр "ядралд" орж байна. Тиймээс замын аж ахуйг шинэчлэх, нэн яаралтай хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Р50, Р43 зам төмөр, модон дэртэй хэсгүүд зөндөө байна. Ялангуяа, Эмээлт, Хоолтын даваа, Замын I, VI анги зэрэг бага радиустай, тахир тойрог ихтэй хэсгүүдэд хүндрэлүүд их гарч байна. 1990-ээд онд их засварт орсон газруудад шавар сагалт үүсэх тохиолдол ихэссэн. Зах зээлийн үед замын их засварыг хийхдээ хуучин, нойтон материал ихээр ашиглаж байсан нь ч үүнд нөлөөлж байгаа. Ирэх жилээс гол замын ерөнхий байдал харьцангуй сайжрах байх. Гэтэл Бор-Өндөр-Айраг, Баганнуур-Багахангай, Эрдэнэт-Салхит, Дархан-Шарын гол зэрэг салаа замууд маш хэцүү байдалд орсон. Шарын голын зам л гэхэд 1963 онд ашиглалтад орсон гэхээр 58 жил их засварт ороогүй гэсэн үг. Эрдэнэт-Салхитын зам 1978 онд ашиглалтад орсноос хойш 43 дахь жилдээ ашиглагдаж байна. Р50 зам төмөртэй, модон дэртэй замд их засвар хийх хугацаа нь 18 жил гэсэн техникийн үзүүлэлттэй шүү дээ. Дэр модны төлөвлөгөө нормыг харахад ердөө 25-30 хувийн л биелэлттэй байх жишээтэй. Дээр нь нэмээд гүүр хоолой хиймэл төхөөрөмжийн дийлэнхийнх нь насжилт дууссан. Үүнээс гадна малын хориг хашааны асуудлыг ч дурдахгүй өнгөрч болохгүй. Өнөөгийн торон хашаа ямар ч сайн байсан бог мал орчихдог. Тиймээс цаашид торон хашааг арай өөр шийдлээр хийх хэрэгтэй юм болов уу" хэмээн ажил мэргэжлийнхээ тухай сэтгэл зовинож явдгаа өгүүлсэн юм. Амьдралаа бодож ажлаа цалгардуулаагүй, амжилт гаргах спортын салбараа ч орхиогүй аль алиныг нь арван хуруу шигээ тэгш дүүрэн авч яваа авхаалжтай, хөдөлмөрч төмөр замчны тухай бичвэр энэ хүрээд өндөрлөв
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     53    0