Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АОХН-ийн Сайд нарын хуралд оролцов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (АОХН)-ийн Сайд нарын 10 дугаар бага хуралд энэ сарын 22-нд оролцож, үг хэлжээ. “Ардчилал ба дасан зохицол: нийтлэг зорилтууд” сэдвээр болсон уг бага хуралд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы дарга Абдулла Шахид, НҮБ-ын Улс төр, энхийг тогтоох асуудал эрхэлсэн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Роузмари ДиКарло, тус нийгэмлэгийн гишүүн 100 гаруй улсын төлөөлөгч оролцож, Сайд нарын тунхаглалыг баталсан байна. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлсэн үгэндээ Монгол Улс АОХН-ийн бүрэн эрхт гишүүний хувьд Варшавын тунхаглалын үзэл санаа, үнэт зүйлс, зарчмуудыг эрхэмлэн мөрдөж ирснийг тэмдэглэж, КОВИД-19 цар тахал ардчиллын үнэт зүйлс, хэм хэмжээнд сорилт бий болгосон ч манай улс бүх түвшинд сайн засаглалыг бэхжүүлж, хариуцлагатай төрийг бий болгохыг зорин ажиллаж байгааг онцлов. Мөн Монгол Улс КОВИД-19 цар тахлын хүнд нөхцөлд Ерөнхийлөгчийн сонгуулийг амжилттай зохион байгуулсан болон Үндсэн хуулинд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу хэрэгжүүлэх шинэчлэлийг эрчимжүүлж байгаа талаар мэдээлжээ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     86    0