Малчдын бүлэг хоршоодод 138 сая төгрөгийн тоног төхөөрөмж өгчээ

Завхан: Тус аймагт НҮБ-ын Хүн амын сангийн ажлын хэсэг тав хоногийн хугацаатай ажиллаж байна. -Ажлын хэсэг аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргалтай уулзаж мэдээлэл солилцсоноос гадна “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төсөл”-ийн хүрээнд охид эмэгтэйчүүдэд цар тахлын үед үзүүлэх тусламж үйлчилгээг тогтвортой хүргэх. Аймгийн Цагдаагийн газрын дэргэдэх Түр хамгаалах байранд ариун цэвэр, эрүүл ахуйн 30 ширхэг багцыг хүлээлгэн өглөө. НҮБ-ын Хүн амын сан нь нөхөн үржихүйн эрүүл мэнд, жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх. Залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Тиймээс тус сангийн дэмжлэгтэйгээр 2015 онд аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэргэд байгуулсан “Залуучууд хөгжлийн төв”-ийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, үнэлгээ дүгнэлт хийгээд байна. Мөн залуучуудын хөгжлийн төвийн орчин нөхцөлийг нь сайжруулах, цаашид залуучуудад чиглэсэн үйлчилгээг цахимжуулах, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр дэмжлэг өгч ажиллахаар боллоо гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. Малчдын гарааны бизнесийг дэмжиж байна НҮБ-ын Хүн амын сангийн ажлын хэсэг малчдын нийгмийн хамгааллыг сайжруулах төслийн явцтай газар дээр нь танилцаж, хяналт үнэлгээг хийлээ. Тогтвортой хөгжлийн сангийн санхүүжилтээр НҮБ-ын таван байгууллага хамтран Завхан аймагт “Малчдын нийгмийн хамгааллыг сайжруулж, цочролд бэлэн байх чадавхыг нэмэгдүүлэх” төслийг 2020 оноос хэрэгжүүлж байгаа. Энэ төсөл хоёр жил үргэлжлэх юм. Энэхүү төслийн хүрээнд малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор “Гарааны бизнесийг дэмжих төсөл”-ийг Идэр, Отгон, Тэс, Дөрвөлжин, Их-Уул суманд хэрэгжүүлж байгаа. Өнгөрсөн жил төсөлд хамрагдаж буй дээрх сумдын иргэдийг бизнесийн сургалтуудад хамруулсан. Сургалтад хамрагдсан малчдын бүлэг, хоршоодоос энэ жил 14 төслийг шалгаруулж, 138 сая төгрөгийн тоног төхөөрөмжөөр хангаснаар үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа юм. Малчин бүр нийгмийн даатгалтай болох нь чухал юм Малчдын нийгмийн хамгааллыг сайжруулж, цочролд бэлэн байх чадавхыг нэмэгдүүлэх төслийн хүрээнд малчдад жендерт суурилсан хүчирхийллийн талаар мэдлэг олгох сургалт зохион байгуулах юм. Мөн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, өсвөр насны малчин эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, харилцааны ур чадвар зэрэг чиглэлүүдээр сургалт зохион байгуулах юм. Эдгээр сургалтуудыг сум бүртээ хамтран зохион байгуулах сургагч багш нарыг өнгөрсөн наймдугаар сард бэлтгэсэн. Төслийн зүгээс цар тахал буурсан үед зорилтот сумынхаа малчдад дээрх сургалтуудыг хийхээр төлөвлөсөн байна. Энэ төслийн бас нэгэн чухал зорилго бол малчдын нийгмийн даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлэх юм. Төсөл хэрэгжихээс өмнө Завхан аймгийн малчдын нийгмийн даатгалд хамрагдалт 15 хувьтай байсан бол 20 хувьд хүргэх. Эрүүл мэндийн даатгалын хамрагдалт 40 хувь байсныг 50 хувь болгон нэмэгдүүлэхийг зорьж байна. Өөрөөр хэлбэл малчид зөвхөн мал аж ахуйн салбараасаа хараат байх бус. Давхар бизнес эрхэлж орлогоо нэмэгдүүлснээр дөрвөн улирлын туршид тогтмол өрхийн орлоготой болох. Цаашид нийгмийн даатгалд хамрагдсанаар аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах нөхцөл бүрдэх юм гэдгийг төслөөс малчин бүрд ойлгуулах, төслийн үр шимийг хүртээх нь чухал юм гэж аймгийн ЗДТГ-аас тус тус мэдээлэв.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     95    0