Цэргээ нэн даруй гаргахыг Туркээс шаарджээ

Сирийн хойд мужуудын нутаг дэвсгэрээс цэргээ нэн даруй гаргахыг тус улсын эрх баригчид Турк улсаас шаарджээ. Энэ тухай Сирийн Гадаад хэргийн сайд Фейсал Микдад сүүлийн үед Идлиб мужийн байдал хурцдаж байгаа талаар тайлбар хийхдээ мэдэгдсэн байна. “Турк улс цэргээ нэн даруй гаргах ёстой гэж бид үзэж байна. Харин олон улсын хамтын нийгэмлэг Туркт эзлэгдсэн хойд газар нутгаа чөлөөлөх Сирийн хүчин чармайлтыг дэмжих ёстой” гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ. Сирийн Гадаад хэргийн сайдын үзэж байгаагаар, байдлыг хурцатгах болсон гол шалтгаан "Туркийн эзлэн түрэмгийлэл, түүнчлэн террорист бүлэглэлүүдэд үзүүлж буй Анкарагийн дэмжлэг" болсон байна. Зарим бүс нутагт нь зэвсэг мөргөлдөөн дахин хурцдаж, аюулгын байдлынх нь салбар муудаж байгаа талаар Сирийн асуудлыг хариуцсан НҮБ-ын тусгай элч Гейр Педерсен наймдугаар сард мэдэгдэж байв. Тэрбээр Идлиб мужийн нөхцөл байдалд онцгой анхаарал хандуулжээ. Түүний хэлснээр, тус мужид хүчтэй мөргөлдөөн 2020 оны хавраас хойш ажиглагдаагүй байна. Турк улс Сирийн баруун хойд нутаг руу нэмж цэрэг илгээсэн тухай "Bloomberg" агентлаг лхагва гарагт тус улсын Засгийн газар дахь эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, дахин хэдэн мянган цэрэг хоёр улсын хил рүү хүрдэг замуудыг хянаж, Идлиб муж руу Сирийн цэргүүд довтолсон тохиолдолд няцаах аж. Идлиб бол газар нутгийнх нь нэлээд хэсэг нь зэвсэгт бүлэглэлүүдийн хяналтад байгаа Сирийн цорын ганц муж юм.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     71    0