Их Монгол Улсын гудамжийг Зайсантай холбох авто замын ажил 40 хувьтай байна

Их Монгол Улсын гудамжийг Зайсангийн гудамжтай холбох авто замын ажил наймдугаар сарын 15-нд эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 40 хувьтай үргэлжилж байгаа тухай НАЗХГ-ын Зам барилгын хяналтын хэлтсийн дарга Б.Бум-Эрдэнэ мэдээлэл өглөө. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хан-Уул дүүргийн 11, 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Ривер гарден”, “Хан хиллс” хотхоныг хоёр гарцтай болгох үүргийг холбогдох албаныханд өгсөн. Учир нь тус хотхоны оршин суугчид зөвхөн зүүн тийшээ гарах гарцтай бөгөөд энэ нь түгжрэл үүсгэх шалтгаан болдог байна. Энэ дагуу авто зам Их Монгол Улсын гудамжийг Зайсангийн гудамжтай холбох авто замын ажлын гүйцэтгэгчээр “Даймонд рөүд” ХХК шалгарсан юм. "Өнгөрсөн зургаадугаар сард зам барилгын ажлын зураг төслийг баталсан бөгөөд уг авто зам ашиглалтад орсноор Их монгол Улсын гудамж, Зайсан орчмын замын хөдөлгөөний ачаалал буурах ач холбогдолтой” хэмээн Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Зам барилгын хяналтын хэлтсийн дарга Б.Бум-Эрдэнэ онцоллоо. Авто замын ажил эхэлснээс хойш хоёр долоо хоногийн хугацаанд замын трасст өртсөн бутыг зөөвөрлөх, шилжүүлэн суулгах, хөрс хуулах ажлыг хийж гүйцэтгэжээ. Хөрс хуулсны дараа далангийн ажил эхэлсэн бөгөөд 70 хувьтай үргэлжилж байгаа юм. Далангийн ажлыг гүйцэтгэх үед өндөр хүчдэлийн эрчим хүчний шугам замын трасст өртсөн асуудал үүсжээ. Энэ талаар “Даймонд рөүд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Болдоо, “Өндөр хүчдэлийн эрчим хүчний шугам замын трасст өртсөний улмаас үүнтэй холбоотой кабел, шугамыг хэрхэх талаар хугацаа алдсан. Уг асуудал саяхан шийдэгдсэнээр өндөр хүчдэлийн эрчим хүчний шугамаас цааш үргэлжлэх далангийн ажлыг эхлүүлээд байна. Далангийн ажлаа яаралтай дуусгаад бусад ажлаа үргэлжлүүлнэ” гэв. “Ривер гарден”, “Хан хиллс” хотхоноос баруун тийш барьж буй авто зам нь хоёр урсгал бүхий 13.8 метр өргөнтэй бөгөөд ногоон байгууламж, гэрэлтүүлэг, явган хүний зам, автобусны буудал зэргийг цогцоор нь хийхээр төлөвлөжээ. Гүйцэтгэгч компаниас ажлаа төлөвлөсөн хугацаандаа дуусгахаар ажиллаж буйгаа илэрхийлсэн бол Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас гүйцэтгэгч компанид норм стандарт ханган, барилгын зураг төслийн дагуу ажиллах, тогтсон хугацаанд нь амжиж ашиглалтад оруулах шаардлага тавьж байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     89    0