АНУ-ын ХНС бодлогын хүүгээ хэвээр үлдээжээ

АНУ-ын Төв банкны үүргийг гүйцэтгэдэг Холбооны нөөцийн сан /ХНС/ бодлогын хүүгээ 0-0.25 хувьд хэвээр үлдээжээ. “Нээлттэй зах зээлийн үйл ажиллагааны хороо бодлогын хүүг 0-0.25 хувийн түвшинд хэвээр үлдээх шийдвэр гаргалаа. Хөдөлмөрийн зах зээлийн байдал сайжирч, инфляц 2 хувьд хүрч өсөх хүртэл энэ түвшнийг хэвээр хадгалах нь оновчтой гэж үзэж байна” гэж ХНС-гийн удирдлагуудын хурлын дараа гаргасан мэдээлэлд дурджээ. АНУ-ын ХНС мөн сар бүр хамгийн багадаа 80 тэрбум доллароор төрийн сангийн бонд, мөн дор хаяж 40 тэрбум доллароор моргежийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг (MBS) үргэлжлүүлэн худалдан авахаар төлөвлөж байна. Гэхдээ эдийн засаг хүлээгдэж байсны дагуу бүхэлдээ сэргэвэл үнэт цаасны худалдан авалтын хурдацыг сааруулах хэрэгтэй болж магадгүй гэж үзэж байгаа аж. Америкийн ХНС-гийн удирдлагууд есдүгээр сарын хурлаараа мөн эдийн засгийн урьдчилсан таамгийг шинэчилжээ. Тодруулбал, АНУ-ын ДНБ-ий өсөлтийн талаарх таамгийг 7 хувиас 5.9 хувь болгож бууруулсан байна. Үүний зэрэгцээ 2022, 2023 оны Америкийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгийг 3.3 хувиас 3.8 хувь, 2.4 хувиас 2.5 хувь болгож тус тус өсгөжээ. 2024 онд АНУ -ын ДНБ 2 хувьтай байна гэж таамаглаж байна. ХНС мөн энэ оны инфляцын талаарх таамгаа 3.4 хувиас 4.2 хувь, 2022 оныхыг 2.1 хувиас 2.2 хувь хүртэл өсгөжээ. 2023, 2024 онд инфляц тус тус 2.2 хувь, 2.1 хувь байх төлөвтэй байна. Түүнчлэн 2022 оны ажилгүйдлийн түвшний талаарх урьдчилсан таамгийг 4.5 хувиас 4.8 болгож өсгөжээ. Америкийн ХНС-гийн удирдлагуудын дараагийн хурал 11 дүгээр сарын 3-нд болно.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     60    0