Цэцэрлэг хот доторх замыг засварлаж байна

Архангай:Аймгийн ИТХ-ын ээлжит 3-р хуралдаанаар төсвийг тодотгохдоо Орон нутгийн замын сангийн үлдэгдэл 377,5 сая, ОНХС-гийн 440,0 сая төгрөгөөр Эрдэнэбулган сумын төвийн засмал зам, үерийн улмаас эвдэрсэн гэр хорооллын сайжруулсан болон шороон зам, алслагдсан 6-р багийн Тахилтын давааны зам зэрэг 13 төсөл, арга хэмжээнд нийт 817,5 сая төгрөгийг зарцуулахаар баталсан. Аймгийн төвийн зам засварын ажлыг гүйцэтгэж байгаа хоёр компаний төлөөллөөс мэдээлэл авлаа. Архангай АЗЗА ТӨХК-ий захирал Ю.Ганзориг: -Манайх Цэнхэр сумын гүүрнээс Өндөр-Улаан сумын Шар булгийн даваа хүртэлх улсын чанартай замыг хариуцан ажилладаг. Манай чиг үүрэгт Эрдэнэбулган сумын төв доторх зам ордоггүй. Аймагт АВТОЗАМ ХК, АЗЗА ТӨХК гэсэн хоёр зам анги байдаг. Аймгийн Засаг дарга бидэнтэй уулзаж, аймгийн төв доторх замыг засах чиглэл өгсөн. Ингэснээр Засаг даргатай шууд гэрээ байгуулж, ажлаа гүйцэтгэж байна. Манайх Халзангаад өгсөх зам, Сансарын дэлгүүр, Мөнгөн ембүү өгсөх зам, мөн 5-р сургуулийн 7-р багтай холбосон замыг засна. Эдгээр ажилд 60,0 гаруй сая төгрөгийг төсөвлөсөн. Тэрчлэн манай хариуцсан замд хамаарах ТОСК-ийн арын хатуу хучилттай замыг засч эхэлсэн. Замынхаа суурийг сольж, одоо зүсээд нөхөх ажил хийгдэж байна. “Авто зам” ХК-ий ерөнхий инженер Б.Азбаяр: -Манайх Эрчим хорооллын зам, эмнэлгийн ард талын зам, Арслан цохио, 4-р сургууль, 12-р дэлгүүр гэсэн нийт 5 хэсгийн хатуу хучилттай замын нүхэн эвдрэлийг засна. 80,0 сая төгрөг төсөвлөгдсөн. Аймгийн төвийн замд нарийвчилсан судалгаа гаргахад 1700 м2 орчим нүхэн эвдрэл үүссэн байсан. Энэ жил бороо ихтэй байснаас суурь эвдрэлтэй байна. Доошоо чийг нь 20-30 см-ийн нэвчилт өгсөн учраас бид чийгтэй хэсгийг ухаж аваад 5 хувийг цементээр бэхжүүлж, халуун асфальтаар хучна. Нүх тус бүрийг хөрөөдөж засвал эрүүл замаа эвддэг. Тиймээс том хэсгээр хуулж авч хучилт хийнэ. 9-р сарын 12-14-нд Эрчим хорооллын замыг засч дуусгасан. График төлөвлөгөөгөөр 10-р сарын 10-ныг хүртэл зам засвар үргэлжилнэ. Аль болох богино хугацаанд хийхийг хичээж байна хэмээн орон нутгийн АВ телевизд мэдээлжээ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     58    0