Дэлхийн 50 орон ДЭМБ-ын зорилтыг биелүүлж чадахгүй гэв

Дэлхийн 50 орон, голчлон Африкийн орнууд есдүгээр сарын эцэс гэхэд хүн амынхаа дор хаяж 10 хувийг коронавирусний вакцинд хамруулах ДЭМБ-ын зорилтыг биелүүлж чадахгүй гэж тус байгууллагын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус мэдэгджээ. Тэрбээр цар тахалтай тэмцэх асуудлаар лхагва гарагт зохион байгуулсан дээд хэмжээний уулзалтад үг хэлэхдээ энэ тухай мэдэгдсэн байна. Гебрейесусийн мэдэгдсэнээр, есдүгээр сарын сүүлч гэхэд хүн амынхаа дор хаяж 10 хувийг “COVID-19”-ийн вакцинд хамруулах ДЭМБ-ын зорилтыг чинээлэг орнуудын 90 орчим хувь нь биелүүлжээ. "Гэсэн хэдий ч голдуу Африкийн орнууд болох 50 оронд энэ зорилтод хүрэхгүй" гэж тэрбээр хэлжээ. ДЭМБ-ын ерөнхий захирал мөн өндөр орлоготой орнуудын бусад улс оронд амласан 1 тэрбум тунгийн 15 хүрэхгүй хувийг нийлүүлээд байгааг мэдээлсэн байна. "Бидэнд энэ оны эцэс гэхэд улс орон болгоны хүн амын дор хаяж 40 хувь, 2022 оны дунд гэхэд 70 хувийг вакцинжуулах ажлыг дэмжих даацтай үүрэг хариуцлага хэрэгтэй байна" гэж тэрбээр нэмж хэлээд эдгээр зорилгод хүрэхийн тулд "яг одоо бага, дунд орлоготой орнуудад 2 тэрбум тун шаардлагатай байгааг" мэдэгджээ. Үүнтэй холбогдуулан ДЭМБ-ын тэргүүн вакцин нийлүүлэх амлалтаа нэн даруй биелүүлж, вакцины технологи, оюуны өмчийн эрхийг яаралтай шилжүүлэхийг, мөн COVAX механизм болон AVAT хөтөлбөрт нийлүүлэх хамгийн ойрын төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулахыг "дэлхийн вакцины нийлүүлэлтийг хянадаг улс орнууд, компаниудад" уриалсан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден коронавирусний цар тахлын асуудлаарх цахим дээд хэмжээний уулзалтыг нээж үг хэлэхдээ, АНУ болон Европын Холбоо бага орлоготой орнуудад коронавирусний вакцин нийлүүлэх, энэ чиглэлээр ташаа мэдээлэлтэй тэмцэх хамтын ажиллагааг эхлүүлж байгааг мэдэгдсэн байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     81    0