“Ногоон сэргээн босголт”-ын талаар хэлэлцлээ

Дэлхийн банкнаас “Ногоон сэргээн босголт” цахим хэлэлцүүлэг, уулзалт зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр хүн төрөлхтний хөгжилд сорилт болоод байгаа цар тахлын үеийн хүнсний хангамж, шим тэжээллэг чанарт үзүүлж буй сөрөг үр дагавар, төр, засгаас хэрэгжүүлж буй бодлого, хэрхэн ногоон сэргээн босголт, реформ хийх талаар ярилцав. ХХААХҮЯ-ны ТНБД Т.Жамбалцэрэн хэлэлцүүлгийн үеэр ярихдаа, “Манай улсын хөдөө, аж ахуйн салбарт нүүдлийн мал аж ахуй голлох үүрэгтэй. Нийт 180 мянга гаруй малчин өрх бий. Энэ нь хүн амын 30 орчим хувийн амьдралыг нүүдлийн мал аж ахуй залгуулдаг гэсэн үг юм. Гэтэл цар тахал, мөн энэ жил тохиолдсон байгалийн гамшиг зуд, хаврын хүчтэй цасан болон шороон шуурга нь иргэдийн хүнс, шим тэжээлийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, орлогыг бодитоор багасгасан”-ыг онцолсон юм. Түүнчлэн, цар тахлын нөлөөгөөр хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, нийт өрхийн 50.2 хувь нь хүнс, тэжээлийн асуудалтай тулгарсан. Тиймээс хүнсний системээ шинэчлэх нь чухал байгаа. Монгол Улсын Засгийн газар цар тахлын урт хугацааны сөрөг нөлөөллийг багасгахад анхаарч, эдийн засгийг сэргээхэд чиглэсэн “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хоёрдугаар сард батлан хэрэгжүүлж байна. Монгол Улсын нэг жилийн төсвийн орлого 10 орчим их наяд төгрөг байдаг. Дээрх төлөвлөгөөнд тусгасан жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд олгох, мөн хаврын тариалалт, ноолуур бэлтгэл, малчдыг дэмжих 2.5 их наяд төгрөг (ойролцоогоор 900 сая ам.доллар)-ийн хөнгөлөлттэй зээл нь хүнс, хөдөө аж ахуйн салбарт үр дүнгээ өгч байна” гэжээ. Дэлхийн банкнаас хөдөө аж ахуйн салбарт ямар тусламж, төсөл хөтөлбөр өгөөжөө өгч байгааг ч тэмдэглэлээ. Тухайлбал, Дэлхийн банкны 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслөөс зуд, хаврын хүчтэй шуурга болон цар тахлын сөрөг нөлөөг багасгахад зориулж малчдад 13 сая ам.долларыг хуваарилсан нь үр дүнгээ өгсөн дэмжлэг болсныг дурдав. Уулзалтад Дэлхийн банкны тогтвортой хөгжлийн дэд захирал Юрген Фөгэлэ болон Дэлхийн банкны төлөөлөгчид, ХХААХҮЯ-ны ТНБД Т.Жамбалцэрэн нар оролцжээ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     74    0