Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хуулийн хэрэгжилт энэ онд дуусна

"Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль”-ийн хэрэгжилт энэ онд дуусна. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид энэ хуульд хэрхэн хамрагдах талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын мэргэжилтэн П.Эрдэнэтэй ярилцсаныг тус газрын цахим хуудаснаа мэдээлжээ. -Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийн тухай мэдээлэл өгөхгүй юу? УИХ-ын чуулганаар 2017 онд баталсан Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль 2020-2021 онд хэрэгжиж байна. Энэ хууль нь нийгмийн шилжилтийн явцад хөдөлмөр эрхлэлтийн статус нь өөрчлөгдөж, эрхэлж буй ажил, үйлчилгээний онцлогоос хамааран тэтгэврийн даатгалын шимтгэлээ төлж чадаагүй малчин, хувиараа хөдөлмөр эрхэлж байсан, өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй иргэдэд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломж олгосон хууль юм. -Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч хэчнээн иргэн тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөөд байна вэ? НДЕГ нь дээрх хуулийн хэрэгжилтийг 2020 оны нэгдүгээр сараас эхлэн аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээрээ дамжуулан зохион байгуулж байна. Энэ оны есдүгээр сарын байдлаар хуулийн үйлчлэлд 19.1 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн хамрагдаж, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлж, баталгаажилтын хуудсаа аваад байна. -Тэгэхээр малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч гэдгийг хэрхэн нотлох вэ? Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийг тодорхойлсон. Тухайлбал, малчин нь жилийн дөрвөн улирлын турш мал малладаг, түүнийхээ ашиг шимээр амьжиргаагаа залгуулдаг иргэнийг, харин хувиараа хөдөлмөр эрхлэгч нь дангаар болон бусадтай хамтран бизнес эрхэлж, татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн, татвар төлөгч иргэнийг хэлнэ гэж заасан. Малчдыг малын тооллогын бүртгэл буюу А дансаар нотолно. Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг татвар төлсөн байдлаар нь тодорхойлох юм. -Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хувьд нэлээд лавлагаа мэдээлэл шаардлагатай юм байна. Үүнийг хэрхэн шийдэж байна вэ? Хуулийн дагуу иргэнийг малчнаар ажилласан, хувиараа хөдөлмөр эрхэлсэн хугацааг тодорхойлоход Нийгмийн даатгалын байгууллага нь тухайн иргэний өмнөөс холбогдох лавлагаа мэдээллийг ТЕГ, ЦЕГ, ШШГЕГ, БШУЯ, ХХҮГ-тай солилцон хамтран ажиллаж байна. Тухайлбал, ТЕГ-тай гэрээ байгуулан татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангаас хувь хүний орлогын албан татварын үндсэн ангилалд хамаарах 12 төрлийн татвар төлөлтийн мэдээллийг цахимаар солилцож байна. Ингэснээр тухайн иргэн хувь хүний орлогын албан татвар төлсөн мэдээллээ Нийгмийн даатгалын хэлтэст очиж шүүлгүүлснээр хуульд хамрагдах эрх үүссэн эсэхээ шалгуулах боломжтой. -Малчдын хувьд амьдралын хэв маягаас шалтгаалан зарим баримт бичиг нь олдохгүй байж магад. Энэ тохиолдолд яах вэ. Малчид тэтгэврийн даатгалаа нөхөн төлөхөд юу бэлтгэх шаардлагатай вэ? Малчдын хувьд, мал маллаж байсныг нотлох үндсэн баримт нь Үндэсний статистикийн хорооноос бүртгэсэн ‘’Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллого’’-ын бүртгэл буюу малын ‘’А’’ данс юм. Гэтэл малчдын малын ‘’А’’ данс аймаг, сумын архивт байхгүй тохиолдол олон гарч байна. Энэ шалтгааны улмаас 2018 онд ХНХ-ын сайдын тушаалаар иргэний малчнаар ажилласан хугацааг тодорхойлох ‘’Орон тооны бус зөвлөл’’-ийг сум бүрт байгуулсан. Энэ зөвлөл нь малын ‘’А’’ данс нь олдохгүй байгаа иргэдийн өргөдлийг хүлээн авч холбогдох баримт бичгүүд тухайлбал, малчны үнэмлэх, бэлчээр ашигласны төлбөр, малын хөлийн татвар төлсөн зэрэгт тулгуурлан 1995 оноос хойших хугацаанд тухайн иргэний мал маллаж байсныг тогтооно. Иймд малын ‘’А’’ дансны лавлагаа нь архиваас олдохгүй, бичиг баримт нь байхгүй малчид сумынхаа зөвлөлд хандана. -Иргэн сард хэдэн төгрөгийн шимтгэл төлөх вэ? Энэ хуулиар 15-60 насны малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 1995-2019 оны тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжтой. Сард нөхөн төлөх шимтгэлийн хувь хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөгийн 10 хувь буюу 42 мянган төгрөг байхаар тогтоосон. Өөрөөр хэлбэл иргэн нэг жилийн тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлөх бол 504 мянган төгрөг төлнө гэж ойлгоно. -Ер нь тэтгэврийн даатгалын шимтгэл төлснөөр иргэнд ямар ач холбогдолтой вэ, ямар боломж бүрдэх вэ? Энэ хуульд хамрагдаж тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлснөөр иргэн өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах боломжтой болно. Тодруулбал, өндөр насны тэтгэврийн хувьд малчин нь нийт 20 жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, үүнээс 15 жил малчнаар ажилласан эрэгтэй 55 нас хүрсэн, нийт 20 жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, үүнээс 12.6 жил малчнаар ажилласан эмэгтэй 50 насандаа өөрөө хүсвэл малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжтой. Энэ оны наймдугаар сарын байдлаар 20.6 мянган малчин дээрх нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгоод байна. -Тэгвэл энэ хуулиар тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлсөн иргэдээс хэдэн хүн тэтгэвэр тогтоолгон авч байна вэ, нэг иргэн дунджаар хэдэн төгрөг нөхөн төлж байгаа бол? Хуулийн дагуу хүсэлтээ өгч шимтгэлээ нөхөн төлсөн нийт 11.4 мянган иргэн нийгмийн даатгалын сангаас дээрх 3 төрлийн тэтгэвэр тогтоолгон авч байна. Харин тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хүсэлт гаргасан иргэдийн хэрэгцээ шаардлагаас шалтгаалан янз бүрийн хугацаагаар шимтгэлээ нөхөн төлж байна, нэг иргэн дунджаар 47 сарын тэтгэврийн даатгалын шимтгэлд 1 974.0 мянган төгрөг төлсөн байна. -Хуулийн хугацаа энэ оноор дуусгавар болох нь. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд юуг анхааруулж зөвлөх вэ? Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн үйлчлэл 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно. Одоо 3 сар үлдсэн тул малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд хуулийн хүчинтэй хугацаанд амжиж тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх асуудлаар сум, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагаас зөвлөгөө мэдээлэл авч, нөхөн төлж болох хугацаагаа тодруулан, шимтгэлээ төлөх, нөхөн төлсөн хугацаагаа баталгаажуулах боломж байгааг зөвлөж байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     88    0