“Mongolia mining 2021” үзэсгэлэнг нээлээ

Эрдэс баялгийн орлогоор эдийн засгийн хөгжлийг дэмжинэ уриан дор “MONGOLIA MINING 2021” үзэсгэлэнг нээлээ. Үзэсгэлэнг нээж УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын Техник технологийн хэлтсийн дарга Ч.Цогтбаатар хэлсэн үгэндээ, цар тахлын амаргүй цаг үед “Mongolia mining 2021” үзэсгэлэн зохион байгуулж байгааг онцлоод, үзэсгэлэнгийн үр дүнд салбарын хөгжлийг хурдасгах дэвшилтэт техник, технологи, ноу-хау нэвтэрч, хөрөнгө оруулалтын шинэ боломжууд нээгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Мөн тэрээр, төрөөс уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт баримтлах бодлого сэдвээр илтгэл тавьж, Засгийн газрын 2020-2024оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтын хэрэгжилтийн талаар мэдээлэв. Энэ үеэр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал Д.Хаянхярваа ярихдаа, “Цар тахлын хүнд цаг үеийг давахад төр, хувийн хэвшлийнхэнд хамтын ажиллагаа хамгаас чухал. Монголын эдийн засгийг нуруундаа үүрч явдаг уул уурхайн салбарын олон компани эдийн засгийн сорилт, бэрхшээлтэй нүүр туллаа. Энэ сорилтыг даван туулахын тулд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах учиртай. Үүнд, тогтвортой бодлого, нээлттэй, ил тод хууль эрх зүйн орчинг бүрдүүлэн зарчимтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал” хэмээжээ. Арав дахь жилдээ зохион байгуулж буй үзэсгэлэнд салбарт шинэ техник, технологи нэвтрүүлэгч дэлхийд нэр хүнд бүхий томоохон гигант, Монголд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компани, Монгол дахь гадаадын ЭСЯ, дипломат төлөөлөгчийн газрууд зэрэг салбарын төлөөлөл оролцож байна. Уул уурхайн үзэсгэлэн энэ сарын 24 хүртэл үргэлжилнэ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     84    0